Ли Чян нээлттэй, хүртээмжтэй дижитал инновацыг уриалав
Бээжин дэлхийн сүлжээний засаглалд дижитал хуваагдал үүсгэхийг эсэргүүцэж байна.
Хятадын Ерөнхий сайд Ли Чян Ужэньд болж буй Дэлхийн интернэтийн бага хурлын нээлтэд нээлттэй, хүртээмжтэй дижитал инновацын орчныг бусад оронтой хамтран бүрдүүлнэ гэж Мягмар гарагт мэдэгджээ. Энэ тухай И Си Эн Эс сайт мэдээлэв.
«Хүн технологид захирагдах ёсгүй, технологи ч хүний хөгжлийн хуваагдлыг гүнзгийрүүлэх ёсгүй» гэж тэрбээр хэлсэн байна.
Хятад технологи дамжуулалт, мэдлэг хуваалцахыг дэмжиж, Дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд Глобал өмнөд орнуудын дижитал дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэхэд туслах аж.
Хятад бүх орны кибер аюулгүй байдлын хууль ёсны санаа зовнилыг хүндэтгэдэг гэж Ли дурдсан юм. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын ойлголтыг хэт өргөтгөх, «дижитал төмөр хөшиг» босгохыг эсэргүүцэж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
Хятад 7 дугаар сард кибер засаглалын талаарх байр сууриа НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн механизмд хүргүүлж, дижитал бүрэн эрхийг хүндэтгэх шаардлагатайг онцолсон юм.
Тусгаарлагдмал хиймэл оюун нь давхардсан хөрөнгө оруулалт, хуваагдмал стандартад хүргэнэ гэж Хятадын шинэ эдийн засгийн хүрээлэнгийн захирал Жу Кэли анхааруулсан байна.
Жэжян мужийн Ужэнь хотод 2014 оноос жил бүр зохион байгуулдаг энэ уулзалт Пүрэв гараг хүртэл үргэлжилнэ. Нээлтэд олон улсын албан тушаалтан, интернэт компаниудын төлөөлөл, шинжээчид зэрэг 1,800 орчим хүн оролцов.

