Ливан Катартай 20 жилийн хийн нийлүүлэлтийн хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ хийж байна

Ливаны Ерөнхий сайд Наваф Салам 20 жилийн хугацаатай хий нийлүүлэх боломжит хэлэлцээрийн талаар ярилцахаар ням гарагт Дохад айлчилж, Катартай эрчим хүчний хэлэлцээр байгуулахад “мэдэгдэхүйц ахиц” гарсныг зарлажээ.
Ливаны эрчим хүчний салбар хүндрэлтэй байгаа бөгөөд өдөрт хэдхэн цагаас илүү цахилгаан үйлдвэрлэж чаддаггүй. Катартай хийн хэлэлцээр байгуулбал энэ салбарт түлхэц болно. Олон ливан хүн үнэтэй хувийн генераторт найддаг.
Катар цахилгааны төслийг санхүүжүүлэхийг санал болгожээ. Ливанд илүү их цахилгаан үйлдвэрлэх, Сириэр дамжуулан эрчим хүч импортлох, далайгаар хий хүлээн авах терминал барих төслүүд хэлэлцэж буй саналд багтсан гэж Саламын тамгын газар мэдэгдэв. Салам болон Эрчим хүчний сайд Жо Садди нар “Катараас шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх 20 жилийн хэлэлцээр, мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн талаар хэлэлцээ хийхээр” Катарт байгаа гэж тамгын газар нэмжээ.
Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахмантай уулзсаны дараа Салам “хүнд нөхцөлд” дэмжлэг үзүүлж буй Персийн булангийн энэ улсад талархаж байгаагаа илэрхийлэв. “Хоёр засгийн газрын хоорондын хэлэлцээрийг бэлтгэхэд бид мэдэгдэхүйц ахиц гаргалаа” гэж Салам хэлээд, Ливаны эрчим хүчний албаныхан техникийн асуудлыг хэлэлцэхээр ням гарагийн орой Дохад ирсэн гэжээ.
Катар бол дэлхийн хамгийн том хий үйлдвэрлэгчдийн нэг. Ираны халдлагын улмаас үйлдвэрлэлийнх нь нэг хэсэг хумигдаж, энэ оны эхний хагаст улсын орлого 42 хувиар буурчээ. Гэхдээ ирэх жил эдийн засаг нь 15 хувиар өсөж, сэргэх төлөвтэй.
Израиль, Хезболлагийн мөргөлдөөний улмаас дайн, эзлэн түрэмгийлэлд өртөж буй Ливанд байдал тийм ч таатай биш байна. Дайн Ливаны санхүүгийн хямралыг улам хүндрүүлжээ. Төрийн өмчит Electricite du Liban (EDL) цахилгааны компани энэ сард төлбөрөө төлөөгүй төрийн байгууллагуудын цахилгааныг тасалж эхэлсэн байна.
Төв байр нь 2020 оны Бейрутын боомтын дэлбэрэлтээр нурсан тус компани хэдэн сая долларын авлагатай гэж үздэг. Бейрут дахь Ливаны цорын ганц олон улсын нисэх буудал ч цахилгаангүй болох эрсдэлтэй байгууллагуудын тоонд орж байсан бөгөөд төлбөрийн төлөвлөгөөний талаар EDL-тай сүүлчийн мөчид тохиролцоонд хүрчээ. Импортоос хамааралтай тус улс АНУ, Ираны дайнаас үүдсэн инфляц, шатахууны үнийн өсөлтөд онцгой эмзэг байна.

