Молдавын засгийн газар Украинтай цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталлаа
Хэлэлцээр нь тус улсын үндсэн хуулиар тогтоосон төвийг сахих байр суурийг зөрчиж байна хэмээн сөрөг хүчний Социалист нам өмнө нь эсэргүүцэж байсан.

Молдавын засгийн газар пүрэв гарагийн хуралдаанаараа Украинтай байгуулсан цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталж, парламентад өргөн барьж соёрхон батлуулахаар шийдлээ.
Хэлэлцээрт хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар аравдугаар сарын 26-нд гарын үсэг зурсан бөгөөд баримт бичгийг Молдавын засгийн газрын цахим хуудсанд нийтэлжээ. Хэлэлцээр таван жилийн хугацаатай бөгөөд автоматаар сунгагдах боломжтой.
Хэлэлцээрт технологи солилцох, зэвсгийг шинэчлэх, агаарын орон зайг хамгаалах, батлан хамгаалах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тусгасан. Мөн “цэргийн үйлдвэрлэлийн салбарт хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, технологи солилцох” заалт бий.
Байгалийн гамшиг, бусад хямралт нөхцөл байдал, хүмүүнлэгийн ажиллагааны үед хамтран ажиллахаар заасан бөгөөд холбооны систем, мэдээллийн технологи, цэргийн техникийн нийцтэй байдлыг тусдаа чиглэл болгожээ.
“Энэхүү хэлэлцээрийг Бүгд Найрамдах Молдав Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн анги байрлуулах зөвшөөрөл гэж тайлбарлаж болохгүй” гэж баримт бичигт онцолсон байна.
Сөрөг хүчний Социалист нам өмнө нь хэлэлцээрт гарын үсэг зурсанд эгдүүцэж, “баримт бичиг Бүгд Найрамдах Молдав Улсын үндсэн хуульд заасан төвийг сахих байр суурийг зөрчиж байна” гэж мэдэгдсэн.
Эрх баригчид сөрөг хүчний байр суурьтай санал нийлэхгүй байна. Молдавын Ерөнхий сайд Василий Тофан “хэлэлцээр бол аюулгүй байдлын гэрээ биш, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа өөрөө төвийг сахих байр сууриас татгалзсан гэсэн үг биш” гэдгийг онцолж байжээ.



