Путин: Украинд гадаадын цэрэг байрлах нь Оросын аюулгүй байдалд заналхийлнэ
Энх тайвны гэрээ байгуулсны дараа европчууд цэрэг оруулбал дайн тэр даруй дахин эхэлнэ гэж Оросын Ерөнхийлөгч анхааруулав.

Украины нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байрлах нь Москвагийн хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай уулзахдаа мэдэгдлээ.
“Украины нутаг дэвсгэрт аливаа гадаадын цэрэг байрлахыг бид огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа хэлж ирсэн. Учир нь энэ нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлнэ гэж бид үзэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Өмнө нь “үүнтэй бүгд санал нийлсэн” гэдгийг Путин сануулжээ. “Ядаж Истанбулын хэлэлцээний үеэр үүнийг хүлээн зөвшөөрсөн. Одоог хүртэл хэн ч эсэргүүцээгүй юм шиг байсан. Европчууд үүнийг мэднэ. Тэднээс бид юу сонсож байна вэ? Энх тайвны гэрээ байгуулсны дараа тэр даруй Украины нутаг дэвсгэрт цэрэг оруулна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ? Тэд бидний хувьд хууль ёсны бай болно гэж бид хэлсэн, өөрөөр хэлбэл дайн тэр даруй дахин эхэлнэ” гэж Ерөнхийлөгч хэлжээ.
Ийм тохиолдолд АНУ-ын засаг захиргаа, Ерөнхийлөгч Дональд Трамп Европын аюулгүй байдлыг бүхэлд нь хангах арга хэрэгслийн талаар тохиролцохыг санал болгосныг тэрбээр онцлов.
“Европчуудаас бид юу сонсож байна? Үгүй, зөвхөн Украинд энх тайван тогтсоны дараа гэнэ. Гэтэл Украинд энх тайван тогтсоны дараа тэд Украины нутаг дэвсгэрт цэрэг оруулах гэж байна. Энэ бол дайныг үргэлжлүүлэх явдал. Дахиад л эхэн цэгтээ ирлээ” гэж Путин мэдэгдэв.



