Москвагийн шүүх цөллөгт байгаа либертари үзэлтэн Михаил Световт нэг жилийн хорих ял оноожээ
Шүүх түүнд гурван жилийн хугацаанд сошиал сүлжээний бүртгэл ажиллуулахыг мөн хориглосон байна.

Москвагийн шүүгч Оросын нэрт либертари үзэлтэн, хэвлэл мэдээллийн нөлөөлөгч Михаил Световыг «гадаадын агент»-ын тухай хуулийг зөрчсөн хэргээр гэм буруутайд тооцож, эзгүйд нь нэг жилийн хорих ял оноосныг Москвагийн прокурорын газар пүрэв гарагт мэдэгджээ. Энэ тухай Зэ Москоу Таймс сонин мэдээлэв.
Светов 2022 оны арваннэгдүгээр сард Оросын «гадаадын агент»-ын жагсаалтад орсноос хойш ижил зөрчлийн төлөө дор хаяж таван удаа торгуулжээ.
41 настай Светов 2021 онд гэрт нь цагдаа нэгжлэг хийж, нас барсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн жагсаалтай холбоотойгоор есөн хоногийн захиргааны баривчилгаанд орсны дараа Оросоос гарсан юм.
«Тэрбээр Оросоос гадуур байхдаа сошиал сүлжээнд материал түгээхдээ түүнийг гадаадын агентын үүрэг гүйцэтгэгч бүтээж, түгээсэн гэдгийг заагаагүй» гэж прокурорын газар мэдэгдэлдээ дурджээ.
Шүүх түүнд дунд зэргийн хамгаалалттай хорих ангид нэг жилийн ял оноохоос гадна гурван жилийн хугацаанд цахим хуудас, сошиал сүлжээний бүртгэл ажиллуулахыг хориглосон байна.
Оросын Хууль зүйн яам Световын өмнө нь удирдаж байсан, бүртгэлгүй Оросын Либертари намыг долдугаар сард «гадаадын агент»-ын бүртгэлд оруулжээ. Тэр үед төрийн хэвлэл мэдээлэл Световыг Украины дууны бичлэг нийтэлсэнтэй холбогдуулан «нацизмыг цагаатгах» хэргээр буруутгасан гэж мэдээлж байв.

