Москвагийн Зарядье цэцэрлэгт хүрээлэнд Кандинский, Скрябин хоёрын үзэсгэлэн нээгдэнэ
Хоёр мастерын бүтээлийг мультимедиа инсталляц, хиймэл оюуны тусламжтай шинэ өнцгөөс толилуулна.

Москвагийн Зарядье цэцэрлэгт хүрээлэнгийн Медиа төв павильонд арванхоёрдугаар сарын 4-нд Кандинский ба Скрябин: өнгийг сонсож, дууг харах нэртэй үзэсгэлэн нээгдэхийг хотын даргын орлогч Наталья Сергунина мэдэгдсэнийг Интерфакс агентлаг мэдээлжээ.
Сергунинагийн хэлснээр, үзэсгэлэн хорьдугаар зууны эхэн үеийн авангард урлагийн хоёр алдартай мастерын бүтээлтэй танилцуулах бөгөөд Василий Кандинскийн мэндэлсний 160 жилийн ойд зориулагдсан юм.
Үзэсгэлэнд Кандинскийн Гэгээн Георгий Ялагч морьтон, Смоленскийн өргөн чөлөөний өвлийн өдөр, Биет бус зэрэг алдартай уран зургууд тавигдах юм.
Зочид Александр Скрябин Прометей симфони поэмоо хэрхэн бүтээсэн тухай мэдэж, архивын тэмдэглэл уншиж, хувийн эд зүйлсийг нь үзэх боломжтой. Ирэх жил хөгжмийн зохиолчийн мэндэлсний 155 жилийн ой тохиох юм.
Үзэгчид Кандинскийн бүтээлүүд орчин үеийн хөгжмийн зохиолчид болон хиймэл оюуны тоглолтоор хэрхэн сонсогдохыг мультимедиа инсталляцаар дамжуулан мэдрэх юм.
Үзмэрүүдийг Улсын Третьяковын галерей, Улсын Эрмитаж, Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн улсын музей, Красноярск, Краснодар, Омск, Татарстаны урлагийн музейнүүд болон хувийн цуглуулагчид ирүүлнэ.
Үзэсгэлэн 2027 оны тавдугаар сар хүртэл үргэлжилж, нийслэлийн соёлын газрын 2025 онд эхлүүлсэн олон улсын болон үндэсний томоохон үзэсгэлэнгийн цувралын нэг хэсэг болно.

