Нанотираннус үлэг гүрвэлийн араг яс Нью-Йоркт дор хаяж 6 сая ам.доллараар дуудлага худалдаанд гарчээ
Эрдэмтэд ховор олдворууд хувийн цуглуулагчдын агуулахад алга болж, судалгаа, олон нийтийн боловсролд хохирол учруулна гэж санаа зовж байна.

Нэгэн цагт залуу Тираннозавр рекс гэж андуурагдаж байсан, саяхан тусдаа төрөл гэж тогтоогдсон үлэг гүрвэлийн угсарсан араг яс дор хаяж 6 сая ам.доллар (4.5 сая фунт стерлинг)-ын үнэтэйгээр дуудлага худалдаанд гарчээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв. Жоди хочтой, 10 фут (3 метр) орчим өндөр араг ясыг Нью-Йорк дахь Сотбис дуудлага худалдааны ордон худалдах бөгөөд мягмар гарагийн дуудлага худалдаагаар 9 сая хүртэл ам.доллар олох төлөвтэй байна.
Энэ худалдаа судлаачид араг ясыг тусдаа төрөлд хамаарахыг баталснаас хойш нэг жилийн дараа болж байна. Сотбис 7 дугаар сард Гас хочтой Тираннозавр рексийг дээд амжилт болох 50.1 сая ам.доллар (37.4 сая фунт стерлинг)-оор худалдсан юм. Дуудлага худалдааны ордон Жодиг 191 орчим чулуужсан ясны элементтэй, бараг бүтэн гавлын яс бүхий үзэсгэлэнд бэлэн араг яс гэж тодорхойлж, шинжлэх ухаанд мэдэгдэж буй ийм гуравхан араг ясны нэг гэжээ.
Портсмутын их сургуулийн палеонтологич Меган Женкинс Нанотираннусыг маш удаан хугацаанд Тираннозавр рексийн өсвөр насны хэлбэр гэж үздэг байсан ч хамаагүй жижиг, гоолиг, махыг зүсэх ир шиг шүдтэй байсан гэж тайлбарлав. Тираннозавр рекс, Нанотираннус хоёр 67 сая орчим жилийн өмнө нэг геологийн үед хамт амьдарч байжээ.
Жодиг Нанотираннусыг тусдаа төрөл гэж ангилахаас өмнө, 2023 оны 10 дугаар сард Лондонгийн урлагийн олон улсын үзэсгэлэнд залуу Тираннозавр рекс гэж дэлгэж байсан. Араг ясыг АНУ-ын Монтана мужид мал аж ахуй эрхлэгч Жоди Пирсон өөрийн газраас олсон бөгөөд дараа нь арилжааны палеонтологич Клейтон Фиппс малтан гаргажээ. Фиппс мөн Нанотираннус, Трицератопс хоёрын тулалдаж буй мэт үлдэгдлийг агуулсан алдарт олдворыг 2006 онд Жодигаас 13 км-ийн зайд олсон бөгөөд энэ олдвор Нанотираннусыг Тираннозавр рексээс тусдаа төрөл гэж ангилсан судалгаанд шийдвэрлэх ач холбогдолтой болсон юм.
Зарим эрдэмтэд ийм дуудлага худалдаа хэт баячууд чулуужсан олдвор цуглуулах шинэ эрин үеийг эхлүүлж болзошгүйг анхааруулж байна. Эдинбургийн их сургуулийн палеонтологич, профессор Стив Брусатте Жоди олон нийтийн нүднээс далд орж болох нь сэтгэл түгшээж байна гэж хэлэв. «Нанотираннус бодит болохыг бид саяхан л мэдсэн. Одоо түүний хамгийн сайн араг ясны нэгийг хамгийн өндөр үнэ санал болгосон хүнд зарах гэж байна» гэж тэрбээр Би Би Си-д ярьжээ.
Харин Женкинс маргааны хоёр тал бий бөгөөд олдворыг малтахад их цаг, хүч, мөнгө зарцуулдаг гэдгийг сануулав. Түүний хэлснээр, оролцогчид олдворыг өндөр үнээр зарахыг хүсч буйд тэрбээр гомдохгүй бөгөөд эдгээр олдворын олонх нь эцэстээ олон нийтэд хүрч, хэзээ нэгэн цагт музейд очих нь гарцаагүй.



