Шинжлэх ухаан

Нарны аймгаар хурдалж буй нууцлаг биет 40 жилийн өмнө сураггүй болсон Зөвлөлтийн сансрын хөлөг байж болох уу

Харвардын астрофизикч Ави Лёб болон хамтрагчид нь 1998 KY26 биетийг Зөвлөлтийн Фобос-1 хөлөг байж магадгүй гэж үзэж байгаа ч бусад судалгаа байгалийн астероид гэдэгт хандаж байна.

Euronews3 мин унших

Зураг: Euronews

Нарны аймгаар хурдалж буй нууцлаг биет ер бусын хурдатгалтай байгаа тул түүнийг бараг 40 жилийн өмнө сураггүй болсон хуучин Зөвлөлт Холбоот Улсын сансрын хөлөг байж магадгүй гэсэн таамаглал гарчээ.

1998 KY26 нэртэй энэ биет 11 метр өргөнтэй бөгөөд Дэлхийн ойролцоо өнгөрч байна. Түүний замналыг Нар болон Дэлхийн таталцлаар бүрэн тайлбарлаж чадахгүй байгааг эрдэмтэд анзаарчээ. Үүнийг “таталцлын бус хурдатгал” гэдэг бөгөөд биетийн зам, хурдад таталцлаас өөр хүч нөлөөлж байна гэсэн үг юм.

НАСА-гийн дарга Жаред Айзекман пүрэв гарагт агентлаг KY26-г ажиглаж байгаа ч санаа зовох шалтгаан байхгүй гэдгийг онцолжээ. Уг биет Дэлхийд аюул учруулах нь тогтоогдоогүй, манай гарагтай мөргөлдөж болзошгүй гэх нотолгоо ч байхгүй гэж тэрбээр олон нийтийг тайвшруулав.

Нэгэн судлаачдын бүлэг ер бусын тайлбар дэвшүүлжээ. Харвардын астрофизикч Ави Лёб, түүний хамтрагчид Адам Хибберд, Адам Кроул нар KY26 нь 1988 оны долдугаар сарын 7-нд хөөргөсөн Зөвлөлтийн нисгэгчгүй Фобос-1 сансрын хөлөг байж магадгүй гэж үзэж байна. Ангараг руу явах замдаа энэ хөлгийн Дэлхийтэй холбоо тасарсан юм.

Судлаачид Фобос-1-ийн хялбаршуулсан загвар бүтээж, эргэлдэх үедээ нарны гэрлийг хэрхэн ойлгохыг KY26-гийн ажиглалттай харьцуулжээ. Загвар нь биетийн найман тусдаа ажиглалтын цуврал мэдээлэлтэй сайн таарсан байна. KY26 өөрт тусах нарны гэрлийн бараг 52 хувийг ойлгож, 5.35 минут тутамд нэг бүтэн эргэлт хийдэг. Эдгээр шинж чанар нь KY26 хиймэл биет байж магадгүй гэсэн таамаглалтай нийцэж байна гэж Лёб болон хамтрагчид нь үзэж байна.

2023 оны нэгэн судалгаанд анх дэвшүүлсэн тайлбараар бол KY26 нь харанхуй сүүлт од гэгддэг биет юм. Түүний дотор хадгалагдсан ус хий болж хувирснаар биет сансарт хөдлөхдөө түлхэлт үүсгэдэг гэнэ. Гэвч одон орон судлаачид сүүлт одтой ихэвчлэн хамт байдаг хийн үүл, сүүлийг илрүүлээгүй байна.

Өөр нэгэн судалгаа эсрэг тайлбар гаргажээ. Судлаачид 1998 KY26-г ус нь ширгэсэн астероид байх магадлал хамгийн өндөр гэж дүгнэсэн. Энэ нь температур хэт өндөр тул хангалттай мөс удаан хадгалагдах боломжгүй, иймд ер бусын хурдатгалд нь мөс нөлөөлсөн байх магадлал бага гэсэн үг юм. Өөр нэг боломжит тайлбар бол биетийн гадаргууд даралт үзүүлж, замналыг нь бага зэрэг өөрчилж болох нарны цацраг юм.

Бусад ажиглалт ч хуучин сансрын хөлөг гэхээсээ илүү байгалийн, чулуурхаг астероид гэдэгт хандаж байна. 2025 онд Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар түүний голч ердөө 11 метр гэж тооцоолжээ.

Японы сансрын хөлөг энэ нууцыг тайлж магадгүй. Hayabusa2 хөлөг 2031 оны долдугаар сард 1998 KY26-д хүрч, түүнийг ойроос судлах төлөвтэй. Энэ нь ийм жижиг хэмжээтэй астероидыг шууд судлах анхны нислэг болох юм. Уулзалтын үеэр авах зураг, хэмжилт биет үнэхээр байгалийн чулуурхаг биет үү, эсвэл хиймэл зүйл үү гэдгийг тодруулж магадгүй. Тэр хүртэл Ави Лёбын санал сонирхолтой боловч нотлогдоогүй онол хэвээр үлдэнэ. Харвардын астрофизикч Hayabusa2-ийн камер мөсөн хэсэг бус “Made in the U.S.S.R.” гэсэн шошго олж магадгүй гэж хүртэл хошигножээ.

Бусад мэдээ