Нигерид таваас доош насны хүүхдийн эндэгдэл буурсан ч нярайн эндэгдэл өсчээ
Эх, нярайн эндэгдлийн хамгийн хүнд ачаалалтай орнуудын нэг болох Нигерийн засгийн газар урьдчилан сэргийлэх тусламжийг эрчимжүүлэхийг уриалж байна.

Нигерид таваас доош насны хүүхдийн эндэгдэл буурсан хэдий ч нярайн эндэгдэл өссөнд холбооны засгийн газар санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Премиум Таймс сонин мэдээлэв.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зохицуулагч сайд Мухаммад Пате пүрэв гарагт Абужад болсон 2026 оны Эрүүл мэндийг дэмжих үндэсний өдрийн арга хэмжээн дээр 2024 оны хүн ам, эрүүл мэндийн судалгааны дүнг танилцуулав.
Судалгаагаар, таваас доош насны хүүхдийн эндэгдэл 2018 онд 1,000 амьд төрөлтөд 132 байсан бол 2024 онд 110 болж, ойролцоогоор 17 хувиар буурчээ.
Харин төрснөөс хойш эхний 28 хоногт нас бардаг нярайн эндэгдэл мөн хугацаанд 1,000 амьд төрөлтөд 39-өөс 41 болж өссөн байна.
Сайдын үгийг төлөөлөн уншсан яамны Төрийн нарийн бичгийн дарга Дажу Качоллом эдгээр тоо урьдчилан сэргийлэх тусламж, эрт оношилгоо, чанартай эмнэлгийн үйлчилгээг цаг тухайд нь хүргэх ажлыг түргэсгэх шаардлагатайг харуулж байна гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Нигерид 2020 онд 100,000 амьд төрөлтөд 1,047 эх эндэж байжээ.
Байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар, Нигерид 2020 онд 82,000 эх, 181,000 амьгүй төрөлт, 277,000 нярайн эндэгдэл бүртгэгджээ. Нийт 540,000 эндэгдэл нь дэлхийн хэмжээнийх 12 хувийг эзэлсэн бол тус улс дэлхийн амьд төрөлтийн ердөө зургаан хувийг эзэлдэг аж.
Тайланд эх, нярайн эндэгдэл, амьгүй төрөлтийн нийлбэр ачааллаар Нигерийг Энэтхэгийн дараа хоёрдугаарт жагсаажээ.



