Токаев Оросыг Түрэг улсуудын байгууллагад ажиглагчаар оролцуулахыг санал болгов
Анкарын дээд хэмжээний уулзалтад Азербайжаны Ерөнхийлөгч Алиев ирээгүй нь Турктэй харилцаа нь хурцадсантай холбоотой байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев аравдугаар сарын 30-нд Анкарад болсон Түрэг улсуудын байгууллагын дээд хэмжээний уулзалтад Оросыг байгууллагатай хамтран ажиллуулах буюу ажиглагчийн статус олгохыг санал болгожээ. Энэ тухай Таймс оф Сентрал Эйша мэдээлэв.
Уулзалтаар Турк байгууллагын ээлжит даргалах эрхийг Азербайжанаас хүлээн авч, Анкарын тунхаглалыг баталж, Узбекистаны Мирвохид Азимовыг шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
“Байгууллагын нэр хүндийг өсгөхийн тулд Оросын хүсэлтэд эерэгээр хариулж, түүнийг энэ хэлбэрт нэгдэх эсвэл ажиглагчаар оролцохыг урих нь зөв, шударга шийдвэр болно” гэж Токаев хэлжээ.
Токаев Москвагийн хүсэл сонирхлыг дурдсан ч Орос өөрөө байгууллагад оролцох төлөвлөгөөгөө олон нийтэд зарлаагүй юм. Тэрээр Оросын түрэг ард түмэнтэй түүхэн холбоо, түрэг хэлтэн хүн амыг үндэслэл болгожээ. Мөн тэрээр байгууллага цэргийн холбоо болох ёсгүйг дахин онцолсон байна.
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы хувийн урилгыг үл харгалзан уулзалтад ирээгүй бөгөөд тус улсыг Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов төлөөлжээ. Азербайжаны нэгэн агентлаг түүнийг хөлбөмбөгийн тэмцээний шагнал гардуулах ёслолд оролцох төлөвлөгөөтэй байсан гэж тайлбарласан.
Сүүлийн саруудад хоёр холбоотны хооронд санал зөрөлдөөн гарч, Баку 30 гаруй Туркийн иргэнийг улсдаа нэвтрүүлэхгүй болсон бөгөөд Азербайжаны Израильтай хамтын ажиллагаа ч маргааны сэдэв болж байна. Баку Алиев ирээгүйг улс төрийн зөрчилтэй албан ёсоор холбоогүй.
Токаевын хэлснээр, Казахстаны байгууллагын гишүүн орнуудтай хийх худалдаа өмнөх оныхоос 40 хувиар өсч, 10 тэрбум ам.долларт ойртжээ. Тэрээр 2027-2031 оны стратегийг түргэн батлахыг уриалсан бол 2019 онд элссэн Узбекистан байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг анх удаа удирдах болжээ.


