НҮБ Сомали дахь улс төрийн номлолоо гуч гаруй жилийн дараа өндөрлөв
Номлол хаагдсан ч НҮБ, Сомалийн түншлэл үргэлжилнэ гэж НҮБ-ын төлөөлөгч онцолжээ.

НҮБ-ын Сомали дахь улс төрийн номлол хоёр жилийн шилжилтийн хугацааны дараа 10 дугаар сарын 30-нд өндөрлөж, тус улсад НҮБ-аас гуч гаруй жил явуулсан энх тайвныг бэхжүүлэх ажиллагааны нэг бүлэг хаагдсаныг Зэ Хинду сонин мэдээлжээ.
Номлол 1995 онд НҮБ-ын Сомали дахь улс төрийн алба нэрээр эхэлсэн бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2013 онд хорь гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний дараа ардчилал, хууль дээдлэх ёс руу шилжихэд Сомалийн эрх баригчдад туслах зорилгоор шинэчлэн байгуулжээ.
Сомалийн Ерөнхийлөгч Хасан Шейх Мохамуд 2024 оны 5 дугаар сард тухайн оны 10 дугаар сард бүрэн эрх нь дуусахаас өмнө номлолыг зогсоохыг НҮБ-аас хүссэн ч дараа нь хоёр жилийн шилжилтийн хугацаа санал болгосон юм.
«Өнөөдөр бол НҮБ, Сомалийн түншлэлийн төгсгөл биш, харин нэг бүлэг дуусаж, өөр бүлэг эхэлж буй өдөр юм» гэж номлолын түр удирдагч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сомали дахь тусгай төлөөлөгчийн орлогч Райседон Зененга мэдэгдэлдээ дурджээ. Номлолын бүрэн эрхийг Сомалийн байгууллагууд эсвэл НҮБ-ын улсын багт шилжүүлсэн байна.
Энэ шилжилт Аль-Каидатай холбоотой Аль-Шабааб бүлэглэл олон улсын томоохон цэргийн ажиллагааг үл харгалзан Сомалийн төв хэсгийн өргөн нутгийг хяналтандаа байлгасаар байгаа үед болж байна. АНУ НҮБ-ын ложистикийн гол номлолын санхүүжилтийг бүрэн зогсоосноор Аль-Шабаабын эсрэг тэмцэл аюулд орж, цэргийн ажиллагааны ирээдүй эргэлзээтэй болжээ.
Сомалид ирэх 5 дугаар сард парламент, Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд аюулгүй байдлын тогтворгүй байдал, сөрөг хүчний маргаан энэ үйл явцад заналхийлж байна.

/file/attachments/2999/TL_2643026_443501.jpg)

