ОХУ-д 10–11 дүгээр ангийн орос хэл, уран зохиолын нэгдсэн сурах бичгийг нэгдүгээр сараас туршихаар төлөвлөж байна

ОХУ-ын Гэгээрлийн яам 10–11 дүгээр ангийн орос хэл, уран зохиолын нэгдсэн сурах бичгийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс туршиж эхлэхээр төлөвлөж байгааг Гэгээрлийн сайд Сергей Кравцов мэдэгдлээ.
Сурах бичгийг сургуулиудад тухайн оны есдүгээр сарын 1-нээс нэвтрүүлэхээр товлосныг тэрбээр “Орос хэл – найрамдал, ахан дүүсийн хэл” сэдэвт орос хэл, уран зохиолын багш нарын олон улсын их хурлын үеэр мэдэгджээ.
Эцсийн шийдвэрийг туршилтын дүнгээр гаргана гэж сайд хэлэв. Туршилт нь материалыг сургалтад бүрэн ашиглахаас өмнө үнэлэх боломж олгоно.
1–4 дүгээр ангийн орос хэл, уран зохиолын уншлагын сурах бичгийг 2028 оны есдүгээр сарын 1-нээс сургуулиудад үе шаттайгаар хүргэж эхэлнэ гэж Ерөнхийлөгчийн зөвлөх, Орос хэлийг дэмжих зөвлөлийн дарга Елена Ямпольская аравдугаар сарын 15-нд мэдэгдсэн юм.
Тэрбээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан гарын авлага, тэр дундаа хэл ярианы хөгжлийн гарын авлагыг одооноос бэлтгэхийг уриалсан байна. Эдгээр нь хүүхдүүдийг цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс нэгдүгээр ангид “саадгүй, өвдөлтгүй, стрессгүй” шилжүүлэхэд туслана гэж Ямпольская үзэж байна.
10–11 дүгээр анги болон дунд мэргэжлийн боловсролын сурах бичгийг зургадугаар сард Гэгээрлийн яаманд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн юм. Мөн тэр үед Ямпольская 2027 оноос сургуульд сургалтын толь бичгийг эргүүлэн нэвтрүүлэх тухай зарласан байна.



