Өмнөд Африкийн орон нутгийн сонгуульд АНК тэргүүлсэн ч түүхэн дэх хамгийн муу үр дүнд хүрчээ
Олон томоохон хотод аль ч нам олонх болоогүй тул эвслийн хэлэлцээ ээдрээтэй болох төлөвтэй.

Өмнөд Африкийн орон нутгийн сонгуульд Африкийн үндэсний конгресс буюу АНК нам нэгдүгээр байр эзэлсэн ч түүхэн дэх хамгийн муу үр дүнд хүрснийг бямба гарагт гарсан эцсийн дүнгээр Африканьюз телевиз мэдээлжээ.
Нэгэн цагт ноёрхож байсан АНК ердөө 32.5 хувийн санал авч, 2021 оны орон нутгийн сонгуулийнхаас 14 орчим пунктээр буурчээ. Сэтгэл дундуур сонгогчид Ардчилсан холбоо, МК нам болон бусад жижиг намуудад саналаа өгсөн байна.
Нам найман том хотын захиргааны алинд нь ч дангаараа олонх болж чадаагүй ч Йоханнесбург, Мангаунг, Баффало Сити зэрэг дөрвөнд нь тэргүүлсэн.
Төвийн баруун чиглэлийн Ардчилсан холбоо 22.9 орчим хувийн саналаар хоёрдугаар байрт орж, Нельсон Мандела Бэй, Тшване хотод тэргүүлэн, Кейптаунд олонхын суудал авчээ.
Ерөнхийлөгч асан Жейкоб Зумагийн МК нам улсын хэмжээнд 9.9 орчим хувийн саналаар гуравдугаар байрт орж, Этеквини хотод тэргүүлсэн юм.
Дүн нь улс төрийн хуваагдмал байдлыг харуулж байгаа бөгөөд намууд засаглах эвсэл байгуулахаар хэлэлцээ хийх шаардлагатай болно. Ийм эвслүүд ихэвчлэн тогтворгүй байж, орон нутгийн захиргаа дотоод маргаандаа автан үндсэн үйлчилгээгээ орхигдуулдаг.
Улс төр судлаач Даниел Силкегийн хэлснээр, Йоханнесбург, нийслэл Претория багтдаг Гаутенг мужийн сонгогчид Ардчилсан холбоог төвийн баруун чиглэлийн ЭкшнЭсЭй намтай хамтран засаглахыг илүүд үзэх ч хоёр намын хоорондох дайсагнал туйлын хүчтэй.



