Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд G20-ийн уулзалтын үеэр Герман, Польшийн сайд нартай уулзав
Уулзалтуудаар батлан хамгаалах, эдийн засаг, батарейн салбарын хамтын ажиллагааг голлон хэлэлцжээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён Атлантад болсон G20-ийн уулзалтын үеэр Герман, Польшийн Гадаад хэргийн сайд нартай тус тусад нь уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хэлэлцсэнийг яам нь Бямба гарагт мэдэгджээ. Энэ тухай Зэ Корея Таймс сонин мэдээлэв.
Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Чо Хён Баасан гарагт Германы Гадаад хэргийн сайд Иохан Вадефультай уулзаж, батлан хамгаалах, эдийн засаг, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг олон салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Вадефуль Германы Канцлер Фридрих Мерцийн Солонгост хийсэн саяхны айлчлалыг амжилттай бэлтгэсэнд талархаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Чо Хён мөн Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскитэй уулзаж, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск 4 дүгээр сард Солонгост айлчилсны үргэлжлэл болгон батлан хамгаалах, батарейн салбарын хамтын ажиллагааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг уриалжээ.
Польш G20-д нэгдэх оролдлогод Солонгосын анхаарал, дэмжлэг үзүүлэхийг Сикорски хүссэн бөгөөд Чо Хён энэ асуудлаар зөвлөлдөөгөө үргэлжлүүлэхийг санал болгосон байна.



