Хёндэ Мотор групп Сэмангымд хиймэл оюуны дата төв барих төслөө урагшлууллаа
Групп өөрөө жолооддог программ болон роботуудаа сургах дата төвийг 2030 оны эхээр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Хёндэ Мотор групп Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт далайгаас газар эзэмшиж бий болгосон Сэмангым бүсэд хиймэл оюуны дата төв барьж ажиллуулах тусгай зориулалтын хоёр компанийг ирэх сард байгуулна гэж баасан гарагт мэдэгджээ. Энэ тухай Кореа Таймс сонин мэдээлэв.
Ингэснээр бүсийг өндөр технологийн төв болгох 9 их наяд вон буюу 6.3 тэрбум ам.долларын төлөвлөгөө түргэсэх юм.
Сөүлээс урагш 200 орчим километрт, Хойд Жолла мужид орших Сэмангым бол далайн түрлэгийн намгийг далангаар хааж бий болгосон, засгийн газрын дэмжлэгтэй асар том хөгжлийн бүс юм. Энд өндөр технологи, ногоон эрчим хүч, аялал жуулчлалын стратегийн бүс байгуулахаар хөгжүүлж байна.
Хёндэ Мотор, Киа, Хёндэ Мобис, Хёндэ Инженеринг энд Констракшн, Хёндэ АвтоЭвер гэсэн таван охин компани дата төвд хөрөнгө оруулах эцсийн шийдвэр гаргажээ. Шинэ компаниудын нэг нь асар том дата төв, дэд бүтцийг барьж, нөгөө нь өндөр хүчин чадалтай график процессор худалдан авч тооцооллын үйлчилгээ үзүүлнэ.
Барилгын ажил 2027 оны гуравдугаар сард эхэлж, 2030 оны эхээр бүрэн ашиглалтад орно. Дата төвийг группийн өөрөө жолооддог программыг цаг наргүй сургаж турших, роботуудыг виртуал орчинд сургах, автомашины судалгаа хөгжүүлэлтэд ашиглах аж.
Групп машин, робот зэрэг бодит ертөнцөд ажилладаг техникийг удирдах физик хиймэл оюунд анхаарлаа төвлөрүүлж байна. Тэд дэлхийн компаниудтай техникийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, төрийн өмчит Солонгосын хөгжлийн банк болон бусад зээлдүүлэгчтэй санхүүжилтийн асуудлаар ажиллаж байгаа юм.
Групп баасан гарагт Хойд Жолла мужийн Гунсан хотод зөвшөөрөл, барилга, төрийн байгууллагуудтай харилцах ажлыг хариуцах оффисоо нээсэн бөгөөд ёслолд 30 орчим хүн оролцов. “Энэ оффис бол төслийг эргэлзээгүйгээр урагшлуулах бидний хүсэл зоригийн бэлгэ тэмдэг” гэж группийн дэд ерөнхийлөгч Шин Сын Гю хэлжээ.
Сэмангымын хиймэл оюуны хөндийд мөн робот үйлдвэрлэлийн кластер, нарны эрчим хүч, устөрөгч үйлдвэрлэх үйлдвэр, хиймэл оюунт устөрөгчийн хот багтах юм.



