Солонгосын Худалдааны сайд Хятадтай хийх хэлэлцээрийн талаар контент, аялал жуулчлалын компаниудын саналыг сонсов
Солонгосын контент Хятадад эрэлттэй байгаа ч энэ нь бодит орлого, экспорт болж хувирахгүй байгааг компаниуд хэлэлцээрийн явцад шийдвэрлэхийг хүсчээ.

Өмнөд Солонгосын Худалдааны сайд Пак Жон Сон баасан гарагт кино, стриминг, тайзны урлаг, тоглоом, аялал жуулчлалын салбарын компаниудтай уулзаж, Хятадтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг үйлчилгээ, хөрөнгө оруулалтад өргөжүүлэх хэлэлцээний талаар саналыг нь сонсжээ. Энэ тухай Кореа Таймс сонин Худалдаа, аж үйлдвэр, байгалийн нөөцийн яаманд тулгуурлан мэдээлэв.
Уулзалт Сөүлийн баруун хэсэгт орших Си Жэй И Эн Эм төвд болсон байна.
Яамны мэдээлснээр, уулзалтын зорилго нь Солонгосын контент, аялал жуулчлалын компаниуд Хятадын үйлчилгээний зах зээлд ямар байдалтай ажиллаж, ямар бэрхшээлтэй тулгарч байгааг сонсох, өрсөлдөх чадвартай салбарт нь нэвтрэхэд туслах хэлэлцээний стратегийг салбартайгаа хамтран боловсруулах явдал юм.
Оролцогч компаниуд Солонгосын контент Хятадад өрсөлдөх чадвар өндөр, эрэлт ихтэй гэв. Гэвч хэрэглэгчдийн сонирхол бодит орлого, экспорт болж хувирахгүй байгаа тул бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай гэж тэд үзжээ.
Компаниуд Солонгосын компаниудыг ялгаварлан гадуурхсан гэж үзэж буй Хятадын зохицуулалтыг хэлэлцээрт тусгахыг хүссэн. Мөн бодлогын тодорхойгүй байдлыг арилгаж, контентыг хянан зөвшөөрөх үйл явцыг ил тод, хурдан болгохыг уриалжээ.
“Үйлчилгээ, хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцээрт салбарын саналыг аль болох тусгахын тулд бүх хүчээ дайчлах болно” гэж Пак хэлэв.
Сайдын хэлснээр, засгийн газар Хятадад Солонгосын контентын экспортыг дэмжиж, аялал жуулчлал зэрэг салбарын компаниудын бизнесийн орчныг сайжруулахын тулд чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн хороо зэрэг хоёр талын сувгийг идэвхтэй ашигласаар ирсэн.
Солонгос, Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээр 2015 оны арванхоёрдугаар сард хүчин төгөлдөр болсон бөгөөд голчлон барааны худалдааг хамардаг. Хоёр улс үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зах зээлээ цааш нээх нэмэлт хэлэлцээг 2018 онд эхлүүлжээ.



