Орос агаарын билетэд нэмэгдэл авч, иргэний нисэх онгоцны үйлдвэрээ санхүүжүүлэхээр төлөвлөж байна
2022 оноос хойш төлөвлөсөн 120 онгоцны оронд Оросын агаарын тээврийн компаниуд ердөө 13 шинэ онгоц хүлээн авчээ.

Орос 2027 оноос агаарын билетэд нэмэлт төлбөр авч, иргэний нисэх онгоцны хөтөлбөрөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна гэж Евроньюс телевиз мэдээлэв.
Улсын Думын төсөв, татварын хорооны мэдээгээр дотоодын зорчигч нэг билетэд 500 рубль, олон улсын зорчигч 1,000 рубль төлөх аж. Мөнгөөр 258 онгоцны түрээс, ашиглалтын зардлыг нөхнө.
Ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар Аж үйлдвэр, худалдааны яам энэ арга хэмжээг боловсруулж байна.
Оросын агаарын тээврийн компаниуд 2022-2025 онд төлөвлөсөн 120 онгоцны оронд 13 шинэ онгоц авсан бөгөөд олныг нь хоригоос өмнөх эд ангиар угсарсан юм. Энэ зун томоохон үйлдвэрлэлийн зорилтыг 2030 оноос 2035 он руу хойшлуулжээ.
МС-21, СЖ-100 онгоцны гэрчилгээжүүлэлт, цуврал үйлдвэрлэл 2027 онд хийгдэхээр төлөвлөгдсөн бол Ил-114-300 онгоцыг 12 дугаар сараас нийлүүлнэ гэж амласан байна.
Барууны хоригийн дараа Москва 400 гаруй гадаадын түрээсийн онгоцыг дотооддоо дахин бүртгэх боломж олгосон хууль баталсан юм. Түрээслэгчид алдагдлаа нөхүүлэхээр ойролцоогоор 8 тэрбум долларын даатгалын нэхэмжлэл гаргасан бөгөөд олон хэрэг шийдэгдээгүй байна.



