Дэлхий

Орост мөнх цэвдгийн хяналтын сүлжээг энэ онд бараг 100 цэг хүртэл өргөжүүлнэ

Цэвдэг гэсэх нь барилга, дэд бүтцэд эрсдэл учруулдаг тул эрдэмтэд мэдээллийг илүү ихээр цуглуулж, урьдчилсан мэдээгээ сайжруулахыг зорьж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын эрдэмтэд мөнх цэвдгийн бүсийн хяналтын цэгийн сүлжээг 2026 оны эцэс гэхэд 78-аас бараг 100 болгох төлөвлөгөөтэй байгааг Арктик, Антарктидын шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлжээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв. Шинэ цэгүүд Якут, Буриад, Тува, Чукот, Ямал-Ненецийн автономит тойрог, Өвөрбайгаль, Хабаровскийн хязгаарт байгуулагдана.

Хүрээлэнгээс Интерфакс агентлагт тодруулснаар, системийн хяналтын цэгийн тоог 140 болгох анхны төлөвлөгөө хүчинтэй хэвээр байна. Хүрээлэнгийн дэд захирал Юрий Угрюмовын хэлснээр, сүлжээг өргөжүүлснээр янз бүрийн бүс нутгийн цэвдгийн байдлын талаар илүү их мэдээлэл авч, урьдчилсан мэдээгээ сайжруулж, барилга, дэд бүтцэд учирч болох эрсдэлийг цаг тухайд нь илрүүлэх боломжтой болно.

Мөнх цэвдгийн байдлыг үнэлэх, өөрчлөлтийг урьдчилан таамаглах, мөнх цэвдэгтэй хөрс гэсэхийн сөрөг үр дагаврыг бууруулах улсын хяналтын тогтолцоог Орост 2024 оноос байгуулж байгаа бөгөөд хүрээлэн түүнийг бий болгох ажлыг удирдаж байна. Хяналтын сүлжээг Оросын Цаг уур, орчны хяналтын албаны дэд бүтэц дээр байгуулж байна.

2025 оны эхэнд Оросын 12 бүс нутагт 78 хяналтын цэг ашиглалтад орсон. Хүрээлэнгийн захирал Александр Макаров 2026 оны 2 дугаар сард Интерфакс агентлагт ярихдаа эдгээр цэгийн мэдээлэл Цэвдгийн хяналтын төвд аль хэдийн ирж байгаа бөгөөд систем 60 орчим хувьтай ажиллаж эхэлсэн, хангалттай санхүүжилттэй бол төслийг 1-2 жилийн дотор дуусгаж болно гэжээ.

Бусад мэдээ