Оросын агаарын хамгаалалт нэг шөнийн дотор 1043 нисгэгчгүй онгоц сөнөөсөн гэж мэдэгдэв
Украины нисгэгчгүй онгоцнууд Москва зэрэг 20 бүс нутгийг зорьж, олон нисэх буудал шөнөжингөө ажиллагаагаа хязгаарлажээ.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем өнгөрсөн шөнө 20 бүс нутгийн дээгүүр Украины 1043 нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
Нисгэгчгүй онгоцнуудыг Белгород, Брянск, Воронеж, Курск, Ростов, Смоленск, Саратов зэрэг мужууд, мөн Москва болон Татарстаны дээгүүр саармагжуулсан байна.
Москвагийн дарга Сергей Собянины хэлснээр, оройноос хойш Москва болон Москва муж руу 862 нисгэгчгүй онгоц нисчээ. Ихэнхийг нь алс зайд устгаж, нийслэлд ойртож ирсэн өөр 170-ийг саармагжуулсан аж.
Түүний мэдээллээр, аравдугаар сарын 30-ны шөнөөс хойш нийслэл рүү ойртож явсан 87 нисгэгчгүй онгоцыг саармагжуулжээ.
Шөнө болон өглөө эрт Оросын Иргэний нисэхийн агентлаг Ярославль, Пенз, Саратов, Самар, Казань зэрэг хотын нисэх буудлууд, мөн Москвагийн дөрвөн нисэх буудлын ажиллагааг хязгаарласан. Одоо бүх нисэх буудал хэвийн ажиллаж байна.
Москвагийн агаарын зайд хязгаарлалт тогтоосны улмаас Санкт-Петербургийн Пулково нисэх буудал 27, Нижний Новгородын Чкалов нисэх буудал 30 онгоц хүлээн авчээ.
Аравдугаар сарын 29-ний шөнө Оросын агаарын хамгаалалт улсын бүс нутгуудын дээгүүр Украины 1214 нисгэгчгүй онгоц сөнөөсөн бөгөөд Собянины мэдээллээр тэдгээрийн 613 нь Москва муж руу чиглэж байжээ.


