Дэлхий

Оросын Думын хороо сургуульд халдлага үйлдэгчдийг баатаржуулахыг хориглох хууль санаачлахаар төлөвлөж байна

Боловсролын байгууллагад үйлдсэн зэвсэгт халдлагын 20-30 хувь нь өмнөх хэргийг дуурайсан байдаг гэсэн судалгааг Думын хорооны дарга иш татжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Боловсролын байгууллагад зэвсэгт халдлага үйлдэгчдийг баатаржуулах оролдлогыг хуулиар таслан зогсоохоор хорооныхон төлөвлөж байгааг Оросын Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны дарга Сергей Боярский мэдэгдэв.

“Алдар нэрд хүрэх хүсэл, сургуулийн буудагчдыг баатаржуулах нь гэмт хэрэг үйлдэх гол сэдлийн нэг. Үүгээр ч зогсохгүй эдгээр өсвөр насныханд зориулсан фен хуудас нээгдэж, олон дагагч, шүтэн бишрэгч цуглуулах тохиолдол цөөнгүй” гэж тэрбээр мессенжер дэх хуудсандаа бичжээ.

Хүүхдийн эрхийн төлөөлөгч Мария Львова-Белова болон түүний ажлын албаны шинжээчидтэй Боярский урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс эхлээд хууль тогтоомж хүртэлх цогц арга барилын ач холбогдлын талаар ярилцсан байна.

“Энэ ажлыг хамтдаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Мэдээллийн бодлого, мэдээллийн технологи, харилцаа холбооны хороо эрх зүйн зохицуулалтын саналаа танилцуулна” гэж Боярский тэмдэглэжээ.

Тэрбээр олон улсын олон судалгааг иш татаж, хүүхдүүдийн дундах энэ аймшигт гэмт хэрэг “дуурайх нөлөөтэй” буюу олныг хамарсан халдлагыг өргөн сурвалжлах нь шинэ, ижил төстэй хүчирхийллийг өдөөдөг гэж онцлов.

“Нэгтгэсэн мэдээллээр боловсролын байгууллагад үйлдсэн зэвсэгт халдлагын 20-30 хувь нь өмнө нь гарч, өргөн сурвалжлагдсан хэргийг дуурайсных байжээ” гэж Боярский нийтлэлдээ дурджээ.

Бусад мэдээ