Оросын флотын хамгийн хүчирхэг атомын хөлөг Петр Великийг сэргээн засахгүй байхаар шийджээ
Ижил төрлийн Адмирал Нахимов хөлгийн засвар 28 жил үргэлжилж, зардал нь хоёр дахин өссөн туршлага шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй.
Тусгай комисс Оросын хүнд атомын пуужингийн хөлөг онгоц Петр Великийг засварлаж, шинэчлэх нь үр ашиггүй гэж дүгнэсэн гэж Флотыг дэмжих бүх Оросын хөдөлгөөний дарга Владимир Мальцев мэдэгджээ. Энэ тухай Медуза мэдээлэв.
“Хөлөг онгоцыг сэргээх боломжгүй. Тодорхой хэмжээний элэгдэлтэй” гэж Мальцев хэлжээ. Тэрээр энэ нь урьдчилсан дүгнэлт, эцсийн шийдвэрийг хараахан зарлаагүй гэдгийг онцолжээ.
Петр Великий бол Оросын Хойд флотын тэргүүлэх хөлөг бөгөөд 1144 дугаар төслийн ашиглагдаж буй цорын ганц атомын хөлөг юм. Нисэх онгоц тээгч хөлгүүдийг эс тооцвол дэлхийн хамгийн том байлдааны хөлгүүдийн нэг аж.
2023 онд ТАСС агентлагийн тэнгисийн цэргийн эх сурвалж хөлгийг ашиглалтаас гаргах төлөвлөгөөтэй гэж мэдээлж байсан бол мөн онд РИА Новости агентлагийн эх сурвалж хөлгийг хасахгүй гэж мэдэгдэж байв.
Энэ төслийн хүрээнд 1977-1996 онд дөрвөн хөлөг бүтээсний Адмирал Ушаков, Адмирал Лазарев хоёрыг аль хэдийн ашиглалтаас хассан. Адмирал Нахимов хөлөг 28 жил засварт байсны эцэст энэ онд анх удаа далайд гарсан юм.
Хөлгүүдийг шинэчилдэг Северодвинскийн Севмаш үйлдвэр нэг удаад зөвхөн нэг хөлөг хүлээн авах хүчин чадалтай. Петр Великийг Адмирал Нахимовын засвар 2018 онд дуусмагц засварлахаар төлөвлөж байсан ч засвар удааширч, зардал нь хоёр дахин өсч 200 тэрбум рублиас давжээ.


