Дэлхий

Оросын Росатом корпораци Египет, Танзани, Того, Намибитай хөвөгч атомын станцын төсөл хэлэлцэж байна

Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн орнуудын сонирхол эрүүл мэндийн технологиос эрчим хүч рүү шилжсэн гэж Росатомын дарга онцолжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын Росатом корпораци Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тивийн 25 гаруй орны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны гурван баримт бичигт гарын үсэг зурсныг ерөнхий захирал Алексей Лихачев мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

Лихачевын хэлснээр, өмнө нь Африкийн орнууд эрүүл мэндийн салбарын технологийг сонирхдог байсан бол энэ удаа хэлэлцээний гол сэдэв эрчим хүч болж, хөвөгч атомын эрчим хүчний блокууд ихээхэн сонирхол татжээ.

“Есөн улс энэ технологийг ихээхэн сонирхож байна. Бид Египет, Танзани, Того, Намибид зориулсан төслүүдийг бодитоор хэлэлцэж байна” гэж Лихачев хэлжээ.

Түүний хэлснээр, өөр дөрвөн улс өндөр хүчин чадалтай станц барих талаар Росатомтой ярилцаж байгаа бөгөөд Уганда, Ганатай нарийвчлан ажиллаж, Этиопт ойрын хугацаанд хайгуулын ажил эхлүүлэхээр төлөвлөж байна. Египетийн Эль-Дабаа атомын цахилгаан станцыг дөрвөөс зургаан блок болгон өргөтгөх аж.

Атомын төсөлд хараахан бэлэн бус орнуудад Росатом атомын бус эрчим хүчний технологиор тусалж байна. Корпораци Малид нарны цахилгаан станц барихаар ажиллаж, Конготой жижиг усан цахилгаан станц нийлүүлэх хэлэлцээгээ сэргээжээ.

Росатом одоогоор Египетийн Эль-Дабаа станцад тус бүр 1200 мегаваттын дөрвөн эрчим хүчний блок барьж байгаа нь корпорацийн Африк дахь анхны төсөл юм. Лихачевын хэлснээр, Руанда Африкт жижиг атомын цахилгаан станцын төслөөр Росатомын анхны түнш болох юм.

Бусад мэдээ