Оросын татварын алба байгууллагын картаар хийсэн зардлыг шалгаж эхэлжээ
Татварын алба их өгөгдлийн аргаар банкны гүйлгээг шинжилж, төсөвт нэмэлт орлого хайж байна.
ОХУ-ын Холбооны татварын алба хялбаршуулсан татварын тогтолцоотой компаниудаас байгууллагын картаар хийсэн зардлын баримтыг улам олон удаа шаардах болсныг татварын зөвлөхүүд, хуульчид РБК-д ярьжээ. Энэ тухай Медуза мэдээлэв.
Зардлыг баталгаажуулж чадахгүй бол түүнийг ажилтны цалин гэж тооцож, хувь хүний орлогын албан татвар (13-аас 22 хувь), даатгалын шимтгэл (30 хувь) нэмж ногдуулж болох юм.
Өмнө нь ийм зардал татварын хэмжээнд нөлөөлдөггүй тул алба бараг шалгадаггүй байсан бол одоо татвар төлөгчдийн банкны гүйлгээг их өгөгдлийн аргаар шинжилж байна гэж шинжээчид үзэж байна. “Шалтгаан нь энгийн, энэ бол их хөдөлмөр, цаг шаардахгүй төсөвт нэмэлт орлого оруулах эх үүсвэр” гэж Гин ба түншүүд хуулийн фирмийн түнш Александрина Гин хэлжээ.
Хуульчдын үзэж буйгаар, ажилтнууд бизнесийн картыг хувийн зардалд ашиглах эрхгүй тул албаны шаардлага үндэслэлтэй юм. Шинжээчид зардлаа баримтаар баталгаажуулж, хувийн хэрэгцээнд зарцуулсан мөнгийг компанид буцааж өгөхийг зөвлөж байна.
Татварын алба төсвийг нөхөх арга замыг идэвхтэй хайж байгаа юм. Тус алба хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн цуцалсан баримтыг шалгаж эхэлсэн бөгөөд оны эхнээс гурван мянган төлөгчид зөрчил илрүүлж, нийт 300 сая рублийн торгууль ногдуулжээ. Мөн Дубай дахь үл хөдлөх хөрөнгийн хэлцлийн 2023-2024 оны орлогыг тайлбарлахыг бизнес эрхлэгчдээс шаардаж эхэлсэн байна.


