Оросын татварын алба баримтаа цуцалж орлогоо нуусан бие даасан ажилтнуудыг торгож эхэлжээ
Татварын алба шинэ үнэлгээний загвар туршин есөн сарын дотор ийм 3000 хүнд хариуцлага тооцжээ.

Оросын Холбооны татварын алба бие даан хөдөлмөр эрхлэгчид гар утасны аппликейшнд олгосон баримтаа хууль бусаар цуцалж, орлогоо нууж буйг илрүүлж эхэлсэн гэж албаны шуурхай хяналтын газрын дарга Владимир Мальцев мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
Мальцевын хэлснээр, үнэлгээний загварыг туршсаны үр дүнд есөн сарын дотор ийм 3000 татвар төлөгчид хариуцлага тооцсон байна.
Тэрээр ийм үйлдлийг системтэйгээр давтах, мөн цахим зуучлалын платформ, банк зэрэг түнш нь баримтыг цуцлах нь залилангийн чухал шинж гэж тодорхойлжээ.
Татварын хуулиар орлогоо нуусан бие даасан ажилтныг анх удаа зөрчил гаргахад гүйлгээний дүнгийн 20 хувиар, давтан зөрчихөд 100 хувиар торгодог.
Нягтлан бодогч, татварын зөвлөхүүдийн холбооны дарга Евгения Мемрукийн үзэж буйгаар орлого нуух асуудал түгээмэл. Бие даасан ажилтнууд орлогынхоо зөвхөн нэг хэсгийг бүртгэх боломжтой бөгөөд банкны ул мөр үлдээдэггүй бэлэн тооцоог илрүүлэхэд илүү хэцүү гэж тэр тайлбарлажээ.
Банк, агрегаторуудын оролцоотой системтэй хяналт бэлэн бус тооцооны татварыг бүрэн төлүүлэхэд ихээхэн нөлөөлнө гэж Мемрук үзэж байна.
“Хяналтыг чангатгах нь аргагүй алхам: хүн бүрт ойлгомжтой дүрэм тогтоосон бол түүнийг дагах ёстой” гэж Опора России байгууллагын гүйцэтгэх захирал Андрей Шубин хэлжээ.
Бие даасан ажилтнууд 2025 онд 3 их наяд гаруй рублийн орлого олсон нь 2024 оныхоос 38.6 хувиар их юм. Тэдэнд ногдуулсан татвар 2024 оны 99.8 тэрбум рублиас 2025 онд 136 тэрбум рубль болж өсчээ.


