Оросын Төв банк их хэмжээний бэлэн мөнгө тушаах үед харилцагчийн мөнгөний эх үүсвэрийг шалгахыг банкуудад зөвлөв
Зөвлөмж нь сард 5 сая рубль ба түүнээс дээш бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг иргэд болон бизнесийн шинжгүй гүйлгээнд чиглэжээ.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Төв банк бэлэн мөнгөний гүйлгээнд тавих хяналтыг чангатгах зорилгоор харилцагчдын мөнгөний эх үүсвэрийг тогтоох арга зүйн зөвлөмжийг банкуудад гаргаж, 10 дугаар сарын 26-нд цахим хуудсандаа нийтэлжээ. Зохицуулагчийн зорилго нь банкны үйлчилгээг хууль бус үйл ажиллагаанд ашиглах эрсдэлийг бууруулах юм.
Төв банкны тогтоосноор, харилцагчийн дансанд бэлэн рубль тушаах, данс нээлгүйгээр бэлэн мөнгө хүлээн авч шилжүүлэх, хөрөнгө оруулалтын үнэт металл, үнэт металл зоос, боловсруулсан байгалийн алмазыг бэлнээр худалдан авах, гадаад валютыг бэлэн рублиэр арилжих зэрэг сэжигтэй гүйлгээ огцом нэмэгджээ. Эдгээрийн жинхэнэ зорилго нь гэмт хэргийн орлогыг угаах, бэлэн рублийг сүүдрийн эдийн засгаас хууль ёсны эргэлтэд оруулах зэрэг хууль бус зорилго байж болзошгүй гэж банк үзэж байна.
Арга хэмжээ нь нэг удаад эсвэл сарын нийт дүнгээр 5 сая рубль ба түүнээс дээш бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг иргэд, мөн компанийн бизнес эсвэл иргэдийн өдөр тутмын төлбөрт ердийн бус гүйлгээнд чиглэжээ. Энэ нь банкны харилцагчдын явцуу хэсэгт хамаарах бөгөөд шударга иргэдийн ашиг сонирхолд нөлөөлөхгүй гэж Төв банк онцолжээ.
Зөвлөмжийн дагуу банкууд дээрх гүйлгээг хийхээс өмнө харилцагчийн санхүүгийн байдал, мөнгөний эх үүсвэрийг гүйлгээний дүнтэй дүйцэхүйц хэмжээгээр баримтаар нотлуулах ёстой. Мөн харилцагчийн гүйлгээ нь таниулах үедээ мэдүүлсэн үйл ажиллагааны зорилготой нийцэж байгаа эсэх, АТМ зэрэг төхөөрөмжөөр хийх гүйлгээний дүнд хяналт тавих шаардлагатай. Банкууд ирүүлсэн баримтыг албан ёсны төдийгүй нарийвчлан шинжлэх ёстой гэж зохицуулагч анхааруулжээ.
Жижиглэн худалдааны газар зэрэг үйл ажиллагаа нь бэлэн тооцоотой шууд холбоотой хуулийн этгээд, хувиараа бизнес эрхлэгчдэд банкууд зөвлөмжийг хэрэглэхгүй байж болно. Гэхдээ дансанд тушаах бэлэн мөнгө сарын дундаж эргэлтээс мэдэгдэхүйц давах, огцом өсөх, эсвэл бизнесийн цар хүрээтэй дүйцэхгүй болбол энэ үл хамаарах зүйл үйлчлэхгүй. Мөн банк харилцагчийн санхүүгийн байдал, мөнгөний эх үүсвэрийн талаар хангалттай баримттай бол зөвлөмжийг мөрдөхгүй байж болох ч гүйлгээний тоо, хэмжээ өмнөх үеийнхээс мэдэгдэхүйц өссөн тохиолдолд энэ нь хамаарахгүй.
“Зөвлөмж нь Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ боловсруулах бүлгийн (ФАТФ) зарчимд нийцэж байгаа бөгөөд эдгээр зарчимд харилцагчийг шалгах журам дахь мөнгөний эх үүсвэрийн асуудалд онцгой анхаардаг” гэж Төв банкны мэдэгдэлд дурджээ. Шинэ баримт бичигт эх үүсвэр нь тогтоогдоогүй бэлэн мөнгөний эргэлтийг таслан зогсоох өмнөх зөвлөмжүүдийг нэгтгэсэн тул тэдгээрийг хүчингүй болгосон байна.



