Персийн булангийн орнууд АНУ-ын сонгуулийн дараа дахин дайнд өртөх эсэх нь тодорхойгүй байна
Бүрэн эрх нь сулрах Трамп гадаад бодлогод илүү идэвхтэй болж магадгүй гэж шинжээчид анхааруулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулийн ялагдалд Ираны дайн нөлөөлсөн байж магадгүйг хүлээн зөвшөөрсөн ч Персийн булангийн орнууд дахин дайнд өртөх эрсдэл хэвээр байна гэж Дойче Велле мэдээлэв.
Уолл Стрит Жорнал сонины мэдээлснээр Трампын засаг захиргаа 10 дугаар сарын сүүлээр Персийн булангийн засгийн газруудад сонгуулийн дараа богино, ширүүн цэргийн ажиллагаанд бэлтгэхийг сануулж байжээ. Харин Трамп Ираныг дахин бөмбөгдөх яаралгүй гэж хэд хэдэн хэвлэлд хэлсэн байна.
«Бид улс төрийн гарц хайж байгаа нь тодорхой» гэж Арабын Нэгдсэн Эмиратын удирдлагын гадаад бодлогын зөвлөх Анвар Гаргаш Бахрейнд болсон хуралд хэлжээ.
АНУ, Ираныг зуучлахыг оролдож буй Катар онгоцны буудалдаа онцгой байдлын дадлага хийж байна. Саудын Араб Йемений Хусигуудын дайралтад аль хэдийн өртөөд байгаа юм.
Ираны удирдагчид аливаа халдлагад бэлэн гэж мэдэгдэж, энэ удаа бүс нутгийн эрчим хүч, эдийн засгийн дэд бүтцийг онилж болзошгүйг сануулж байгаа аж. Зарим шинжээч сонгууль өнгөрсөн тул Тегеран энхийн хэлэлцээр хийхэд илүү бэлэн болж магадгүй гэж үзэж байна.
АНУ-ын баазууд Персийн булангийн орнуудыг аюулгүй болгохын оронд бай болгосон гэж Олон улсын стратеги судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Хасан Алхасан Блүүмберг агентлагт хэлжээ. Дайн эдгээр орныг АНУ-тай батлан хамгаалахын түншлэлээ эргэн харахад хүргэсэн юм.



