Плутоны тойрог замаас цааш одой гараг байж болзошгүй тэнгэрийн биет илрүүлжээ
Нарнаас 6.88 тэрбум километрийн зайд оршдог шинэ биет одой гараг болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
АНУ-ын Вера Рубины нэрэмжит ажиглалтын төвийн одон орон судлаачид Плутоны тойрог замаас цааш одой гараг байж болзошгүй шинэ тэнгэрийн биет илрүүлжээ. Энэ тухай Медуза сайт мэдээлэв.
Урьдчилсан шинжилгээгээр уг биет Далай вангаас цааших хамгийн том, хамгийн тод биетүүдийн нэг байж болох юм. Биетийг 2026 оны гуравдугаар сарын 4-нд анх ажигласан ч эрдэмтэд аравдугаар сарын дундуур л анхаарлаа хандуулжээ. Хавраас хойш хэд хэдэн удаа ажигласан нь одой гарагт нэр дэвшигчийн тойрог замын үзүүлэлтийг тооцоолох боломж олгожээ.
Одоогоор биет Нарнаас 46 одон орны нэгжийн зайд оршиж байна. Нэг одон орны нэгж нь Дэлхийгээс Нар хүртэлх буюу 150 сая километртэй тэнцдэг. Харьцуулбал Плутоны тойрог зам Нарнаас 40 орчим, Далай вангийнх 30 орчим одон орны нэгжийн зайд байдаг.
Ердийн нэгжээр тооцвол биет Нарнаас 6.88 тэрбум километр буюу гэрлийн 6.38 цагийн зайд оршдог аж.
Олон улсын одон орон судлалын холбоо Плутоныг одой гарагт тооцсон 2006 онд тодорхойлолтоо нарийвчилсан юм. Тус холбоо одоогоор Нарны аймагт Плутон, Церера, Хаумеа, Макемаке, Эрида гэсэн таван одой гарагийг хүлээн зөвшөөрдөг. Шинэ биетийн масс, бөмбөрцөг хэлбэрийн шаардлагыг хангаж буй эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


