Дэлхий

Приморийн хязгаарт дайнаас үүдэлтэй төсвийн ачааллын улмаас нийгмийн тэтгэмж хоцорч болзошгүй гэж анхааруулжээ

Оросын бусад бүс нутагт ч төсвийн хүндрэлийн улмаас ажилтнаа цомхотгож, цалингийн индексжүүлэлтийг хойшлуулж эсвэл зогсоож байна.

Медуза2 мин унших

Зураг: Медуза

Оросын Приморийн хязгаарт нийгмийн тэтгэмжийн олголт түр хугацаагаар хоцорч болзошгүйг бүс нутгийн Хөдөлмөрийн яам мэдэгджээ. Энэ тухай Медуза сайт мэдээлэв. Яамны тайлбарласнаар, бүс нутгийн төсөв тусгай цэргийн ажиллагаатай холбоотой улсын хэмжээний зорилтыг шийдвэрлэх шаардлага зэргээс үүдэн нэмэгдсэн ачаалалтай ажиллаж байна.

«Ийм нөхцөлд нийгмийн дэмжлэгийн зарим арга хэмжээг үе шаттай санхүүжүүлж байгаа тул зарим тэтгэмжийг шилжүүлэх нь түр хугацаагаар хоцорч магадгүй» гэж яамнаас мэдэгджээ. Яам нийгмийн дэмжлэгийг цагт нь олгох нь хязгаарын иргэдэд хэр чухал болохыг ойлгож, мөнгөө хүлээж буй хүмүүсийн санаа зовнилыг ойлгож байгаагаа нэмж хэлсэн байна.

Харин Эрхүү мужийн Нижнеилимск тойрогт захиргаа болон төсөвт байгууллагуудын ажилтнуудын 37 орчим хувийг цомхотгохоор төлөвлөж байгааг тойргийн дарга Павел Березовский мэдэгдэв. Түүний хэлснээр, юуны түрүүнд сургууль, цэцэрлэг, соёлын ордны шөнийн манаач, мөн хотын хоёр үйлдвэрийн газрын ажилтнуудыг ажлаас чөлөөлнө.

Энэ цомхотгол бүс нутгийн төсвийн хүндрэлийн дунд хийгдэж байна. 10 дугаар сард Эрхүү мужийн хууль тогтоох хурал төсвийн алдагдлыг 38.7 тэрбум рубль буюу бүс нутгийн өөрийн орлогын 15 орчим хувь болгож нэмэгдүүлсэн. Захирагч Игорь Кобзев үүнийг нийгмийн ач холбогдолтой зардлыг санхүүжүүлэх шаардлагатай холбон тайлбарлаж байжээ.

7 дугаар сарын сүүлээр Ростов мужийн эрх баригчид төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг 4 хувиар нэмэхээс шалтгаан тайлбарлалгүйгээр татгалзсан. Сахалинд эмнэлгийн ажилтнуудын цалингийн индексжүүлэлтийг өнгөрсөн жилүүдэд цалин нь инфляцаас хурдан өссөн гэх шалтгаанаар зогсоожээ. Мөн Саха Бүгд Найрамдах Улсад төсвийн байгууллагын ажилтнуудын цалингийн индексжүүлэлтийг хоёр сараар хойшлуулсан байна.

Бусад мэдээ