Дональд Трамп Жуниор Кремльтэй ойр бизнесмен Умар Кремлевтэй Монголд хоёр өдөр аргаль агнажээ
Олон улсын боксын холбооны тэргүүн Кремлев өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүгийн хуримын зардлын нэг хэсгийг төлсөн нь илэрч, Ардчилсан намынхан мөрдөн шалгалт эхлүүлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 48 настай хүү Дональд Трамп Жуниор 2026 оны 8 дугаар сард Монголд ан хийхээр очиж, Олон улсын боксын холбооны тэргүүн, Кремльтэй ойр бизнесмен Умар Кремлевтэй хоёр өдрийг хамт өнгөрөөсөн байна. Үүнийг Файнэншл Таймс сонин тогтоосныг Медуза сайт мэдээлэв.
Жинхэнэ овог нь Лутфуллоев болох Умар Кремлев 2020 оноос Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүний үед холбоо Газпром компаниас хэдэн арван сая ам.доллар авчээ. Олон улсын олимпын хороо 2023 онд санхүүжилт нь ил тод бус зэрэг шалтгаанаар тус холбооноос олимпын боксын тэмцээн зохион байгуулах эрхийг хасжээ.
Кремлев 2024 онд бизнесмен Сергей Петровт харьяалагдаж байгаад Путины зарлигаар түр удирдлагад шилжсэн Рольф автомашины дилерийн шинэ эзэн болсон. Проект хэвлэлийн бичсэнээр, Кремлев Рольфыг Оросын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга Алексей Рубежнойтой нөхөрлөсний ачаар авсан бөгөөд мөн түүний ачаар сугалаа, бооцооны бизнесийн хэд хэдэн хөрөнгө эзэмшжээ.
Кремлев Трампын гэр бүлтэй ч холбоотой. 2026 оны 9 дүгээр сард тэрбээр Багамын арлуудад болсон Дональд Трамп Жуниорын хуримын зардлын нэг хэсгийг төлснөө илэрсэн бөгөөд АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намынхан мөрдөн шалгалт эхлүүлжээ. Дараа нь Трамп хүү нь мөнгийг Умар Кремлевт буцааж өгсөн гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүтэй хамт Монголд аялах эрхийг буяны дуудлага худалдаагаар худалдсан бөгөөд ялагчдын нэг нь Трамп Жуниортой хамт аргаль агнажээ. Түүнээс гадна дуудлага худалдаанд оролцоогүй Кремлев, Бүгд найрамдах намыг олон жил ивээн тэтгэсэн Кевин Смолл нар аялалд явсан байна.
Трамп Жуниор Карибын тэнгисийн хувийн арал дээр болсон хуримынхаа дараа 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатарт ниссэн ирсэн. Дараа нь тэрбээр хэдэн зуун километр замыг туулж баруун аймгуудын нэгэн буудалд очиж, цөөн тооны анчин хөтөч, жолооч, тогоочийн хамт байрлажээ. Тэнд түүнтэй Кремлев нэгдсэн бөгөөд Кремлевийг АНУ-ын хоригт орсон Восход венчур сангийн түнш, бизнесмен Артур Мартиросов дагалдсан байна. Кремлев өөрөө 8 дугаар сарын 30-нд Телеграм сувагтаа Мартиросовын хамт Монгол руу ниссэн тухайгаа хэлсэн хоёр видео, дараа нь аяллын бичлэг бүхий өөр нэг видео нийтэлжээ.
Аялалд оролцсон нэгэн хүний хэлснээр, буудалд байх хугацаандаа Трамп Жуниор, Кремлев хоёр хамт зураг авахуулахаас зайлсхийсэн байна. Нэгэн хөтчийн хэлснээр, Трамп Жуниор аялалын үеэр устах аюулд орсон, том эврээрээ анчдын дунд үнэлэгддэг Алтайн аргаль нэгийг агнасан. Агнасны дараа тэрбээр Улаанбаатарт буцаж ирээд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй оройн зоог барих зэрэг хэд хэдэн албан бус уулзалт хийжээ.
Трамп Жуниор АНУ-ын Нууц албаны хамгаалалттай аялсан бөгөөд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Нууц албаны ажилтнуудын айлчлалтай холбогдуулан 18 715 ам.долларын зочид буудлын төлбөр төлжээ. Трамп Жуниорын төлөөлөгчийн хэлснээр, тэднийг анчдын нэгэн найз нь танилцуулсан бөгөөд хоёулаа ан агнуур, загасчлал, байгальд амрах дуртайгаараа нөхөрлөдөг, бизнесийн холбоогүй. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн сөрөг тагнуулын захирал асан Холден Триплетт ийм харилцаа Оросын тагнуулын албанд ашиглах таатай нөхцөл бүрдүүлдэг гэж анхааруулжээ.



