Өмнөд Солонгос Украин дахь дипломат төлөөлөгчийн газрын найман ажилтнаа эргүүлэн татав
Сеул Хойд Солонгосын хоёр олзлогдогчийг шилжүүлсэн тухай мэдээллийг Киев ил болгосны дараа хоёр орны маргаан хурцдаж, дипломат харилцаа эрсдэлд орж болзошгүйг сайд анхааруулжээ.

Хойд Солонгосын хоёр цэргийн олзлогдогчийг Сеулд шилжүүлсэн тухай мэдээллийг Киев ил болгосноос хойш Украинтай маргаан үүссэн тул Өмнөд Солонгос Украин дахь дипломат төлөөлөгчийн газрынхаа найман ажилтныг эргүүлэн татжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён парламентын сонсгол дээр мэдэгдсэнийг Ведомости сонин мэдээлэв.
«Бид янз бүрийн сувгаар байр сууриа Украинд хүргэсэн ч бидний хүчин чармайлтыг үл харгалзан Украин ямар нэг эерэг алхам хийсэнгүй» гэж сайд мэдэгдэв. Ажилтнуудаа эргүүлэн татсан өөр нэг шалтгаан нь дипломатчдын аюулгүй байдалд заналхийлж буй Оросын агаарын цохилт юм. Чо Хён нөхцөл байдал цаашид хурцадвал хоёр орны дипломат харилцаа эрсдэлд орж болохыг анхааруулж, маргааныг шийдвэрлэхээр Украины хамтран ажиллагчтайгаа хэлэлцээ үргэлжлүүлж байгаагаа хэлжээ.
Өмнөд Солонгос 10 дугаар сарын 8-нд Украинд суугаа элчин сайд Пак Ки Чанаа эргүүлэн татах шийдвэр гаргасан юм. Хоёр орны маргаан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлснээ мэдэгдсэний дараа үүссэн. Тэднийг Украины цэргүүд 2025 оны 1 дүгээр сард Курск мужид тулалдааны үеэр олзолсон бөгөөд 2026 оны 9 дүгээр сарын дундуур Өмнөд Солонгост хүрч ирсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён 10 дугаар сарын 2-нд Киев олзлогдогчдыг шилжүүлсэн тухай мэдээллийг задруулахгүй гэсэн тохиролцоо байгааг хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйхгүй бол тус улс нэмэлт арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тэрбээр нууцлалыг Украин өөрөө шаардсан гэдгийг онцолжээ.


