Кока-Кола компанийн гуравдугаар улирлын үр дүн хүлээлтээс давжээ
Латин Америк дахь орлого 25 хувиар өсч, компани жилийн ашгийн таамаглалаа дээшлүүлэв.

Дэлхийн хамгийн том согтууруулах бус ундаа үйлдвэрлэгч Америкийн Кока-Кола компани 2026 оны гуравдугаар улиралд цэвэр ашгаа 8 хувиар, орлогоо 7 хувиар нэмэгдүүлжээ. Энэ тухай компанийн хэвлэлийн мэдээнд дурдсаныг Интерфакс агентлаг мэдээлэв.
Улирлын цэвэр ашиг 4.01 тэрбум ам.доллар буюу нэгж хувьцаанд 0.93 ам.доллар болсон нь өмнөх оны 3.7 тэрбум ам.доллар буюу нэгж хувьцаанд ногдох 0.86 ам.доллараас өссөн үзүүлэлт юм. Нэг удаагийн хүчин зүйлийг хассан ашиг 11 хувиар өсч нэгж хувьцаанд 0.91 ам.долларт хүрсэн нь ФактСет компанийн судалсан шинжээчдийн 0.88 ам.долларын таамаглалаас давжээ.
Кока-Кола компанийн улирлын орлого 12.46 тэрбум ам.доллараас 13.38 тэрбум ам.доллар болж өссөн бол зах зээлийн дундаж таамаглал 12.92 тэрбум ам.доллар байв. Органик орлогын өсөлт 7 хувьтай гарсан. Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүс дэх орлого 4 хувиар, Латин Америкт 25 хувиар, Хойд Америкт 3 хувиар, Ази, Номхон далайн бүсэд 4 хувиар өсчээ.
Борлуулалтын биет хэмжээ 5 хувиар өссөн бөгөөд үүнээс хийжүүлсэн ундааны борлуулалт өнгөрсөн оны гуравдугаар улирлаас 5 хувиар нэмэгдсэн бол жүүс, сүүн болон ургамлын гаралтай ундааны борлуулалт бараг өөрчлөгдөөгүй байна. Ус, спортын ундаа, кофе, цайны борлуулалт 5 хувиар өсчээ.
Кока-Кола энэ оны органик орлогын өсөлтийн таамаглалаа өмнө хүлээж байсан 5 орчим хувиас 5-аас доошгүй хувь болгож, тохируулсан ашгийн өсөлтийн таамаглалаа 9-10 хувиас 11-ээс доошгүй хувь болгож дээшлүүлжээ.


