Путин энх тайван хүсэхгүй байж магадгүй гэж Норвегийн Ерөнхий сайд анхааруулав
Украины дайныг зогсоох хэлэлцээрт Европын батлан хамгаалах асуудлыг наймааны зүйл болгож болохгүй гэж Норвегийн удирдагч шаардаж байна.

Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре Путин энх тайвныг үнэхээр хүсэж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Политико сайтын Европ дахь хэвлэл түүнтэй хийсэн ярилцлагадаа үндэслэн мэдээлэв.
«Хэрэв тэр энх тайван хүссэн бол дайн огт эхлэхгүй байсан» гэж Стёре хэлсэн байна.
Москва, Киевийн хэлэлцээчид 11 дүгээр сарын 10-11-нд Абу-Дабид АНУ-ын төлөөлөгчидтэй уулзах ба талууд 2 дугаар сараас хойш анх удаа гурвалсан уулзалт хийх нь. Стёре энэ уулзалтаас их зүйл хүлээхгүй, түүнийг дараагийн алхмын гишгүүр гэж үзэж буй аж.
Түүний хэлснээр хэлэлцэх асуудалд Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гал зогсоолт, эрчим хүчний дэд бүтэц рүү довтлохгүй байх, фронтын шугамыг царцаах, хоригдол солилцох зэрэг итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ багтаж магадгүй.
Стёре Финландын Ерөнхийлөгч Александр Стуббын хамт 10 дугаар сарын 27-нд Путинтэй утсаар 90 минут ярьсан нь Дани, Латви зэрэг хөршүүдийн дургүйцлийг төрүүлжээ. Стёре энэ шийдвэрээ хамгаалж, Путин тусгаарлагдаагүй, Москвад зөвхөн Вашингтоны дуу хүрч байгаа тул Европын дуу ч түүнд хүрэх ёстой гэв.
Ярианы үеэр Путин мэргэжлийн, ухаалаг байдлаар ярьсан гэж Стёре дүгнэжээ. Путин утсаа авсан нь хэлэлцээрийн ширээнд суух бэлэн байгааг ядаж харуулж байгаа ч бодит хэлэлцээр хийх хүсэл одоогоор ажиглагдаагүй гэнэ.
«Европын аюулгүй байдлын бүтэцтэй холбоотой аливаа асуудлыг дайн дууссаны дараа шийдвэрлэх ёстой» гэж Норвегийн Ерөнхий сайд онцолсон. Украины дайныг зогсоох хэлэлцээрт Америкийн Европ дахь үүргийн асуудлыг хольж болохгүй гэдэгт Нордик-Балтийн бусад улс ч санал нэг байгаа юм.
Европыг Трамп, Путинтэй харилцахад Герман, Франц, Их Британи гурав төлөөлж болох талаар Стёре дурджээ. Европын удирдагчид энэ долоо хоногт Дублинд болох албан бус дээд хэмжээний уулзалтаараа Украины хэлэлцээрт хэн тэднийг төлөөлөхийг хэлэлцэх юм.



