Путин Жапан Тобакогийн Оросын хөрөнгийг төрийн түр удирдлагад шилжүүлжээ
Оросын зах зээлийн 40 хүртэл хувийг эзэлдэг компанид чиглэсэн алхам Токио, Москвагийн харилцаа муудаж буй үед хийгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Жапан Тобако Интернэшнл компанийн Оросын хөрөнгийг төрийн түр удирдлагад шилжүүлэх зарлигт гарын үсэг зурсан гэж Москоу Таймс сонин мэдээлэв.
Зарлигаар Индастриал Ассетс нэртэй компани дөрвөн хуулийн этгээдийг удирдах юм. Мэдээллээр энэ компани 9 дүгээр сарын 16-нд бүртгэгдсэн бөгөөд Оросын Холбооны аюулгүй байдлын албаны офицер асан эзэмшдэг аж.
Компани Орост 1999 оноос ажиллаж, Винстон, Кэмел зэрэг брэндээр зах зээлийн 40 хүртэл хувийг эзэлдэг байна.
Энэ намар Орост Метро, Ашан, Нестле, ФМ Ложистик зэрэг барууны томоохон компаниудын хөрөнгийг хураажээ.
Путин эдгээр алхмыг барууны хориг, Оросын төрийн хөрөнгийг хөлдөөсний хариу гэж хамгаалж, таатай нөхцөлд хяналтыг буцааж болно гэж хэлсэн юм.
Зарим шинжээч Москва Токиог Украиныг дэмжиж, Их долоогийн хоригт нэгдсэнийх нь төлөө шийтгэж байна гэж үзэж байна. Оросын аюулгүй байдлын алба 10 дугаар сард Японы нэгэн сэтгүүлчийг тагнуулын хэргээр баривчилсан бөгөөд ажил олгогч нь болон Японы засгийн газар уг буруутгалыг үгүйсгэсэн юм.



