Шинэ Зеландад бүх нийтийн сонгуулийн санал хураалтын сүүлийн өдөр эхэлжээ
Амьжиргааны өртөг өсөж, эдийн засгийн байдалд санаа зовнил нэмэгдсэн үед сонгогчид шинэ парламентаа сонгож байна.

Шинэ Зеландад бүх нийтийн сонгуулийн санал хураалтын сүүлийн өдөр Бямба гарагт эхэлснийг Аль Жазира телевиз мэдээлжээ.
Санал авах байрууд орон нутгийн цагаар 9 цагт нээгдэж, 19 цагт хаагдана. Санал хураалт 10 дугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд Пүрэв гарагийн эцэс гэхэд нийт 3,8 сая шахам сонгогчийн 1,6 сая гаруй нь саналаа өгсөн гэж тус улсын Сонгуулийн комисс мэдээлсэн байна.
Шинэ Зеландын хууль сонгуулийн өдөр улс төрийн талаар ярихыг хатуу хориглодог. Санал авах байр хаагдах хүртэл 19 цаг үргэлжлэх энэ хоригийн үеэр улс төрийн нам, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид сонгуулийн үр дүн болон сурталчилгааны асуудлаар байр сууриа илэрхийлэх эрхгүй.
Сурталчилгааны самбар, зар сурталчилгааг буулгах ёстой. Машины наалт, футболк, тэр ч байтугай олон нийтийн сүлжээний профайл зураг ч энэ хуулийн хүрээнд багтдаг. Хууль зөрчвөл хорин мянган Шинэ Зеландын доллар хүртэл торгууль ногдуулж болно.
Сонгуулийн өмнөх санал асуулгаар засаглагч төв баруун чиглэлийн Үндэсний нам болон сөрөг хүчний төв зүүн чиглэлийн Хөдөлмөрийн нам тэнцүү байна. Аль нь ч дангаараа засгийн газар байгуулах хэмжээний суудал авахааргүй харагдаж байгаа юм.
Ихэнх нам эдийн засгийн асуудлыг сурталчилгааныхаа гол сэдэв болгосон ч санал болгож буй шийдэл нь эрс ялгаатай. Үндэсний нам төсвийн сахилга батаар төсвийг ашигтай болгож, үндэсний тэтгэврийн тогтолцоог өргөжүүлэхээ амласан бол Хөдөлмөрийн нам эрүүл мэнд, тээврийн зардлыг бууруулахыг зорьж байна.
Сонгуулийн комисс Бямба гарагийн шөнийн эцэс гэхэд санал авах байрны 95 хувийн урьдчилсан дүнг гаргахаар төлөвлөжээ.
Гадаадад буй иргэдийн саналыг тусгасан эцсийн дүн 11 дүгээр сарын 27-ны дотор гарах төлөвтэй. Шинэ Зеланд гурван жил тутамд холимог пропорциональ тогтолцоогоор бүх нийтийн сонгууль явуулдаг ба парламент нь ихэвчлэн 120 суудалтай.



