Дэлхий

Шри Ланкийн эмэгтэй транзит виз авч чадахгүй Күүкийн арлуудад гурван жил гацжээ

Шинэ Зеланд, Австрали түүнд транзит виз олгохоос удаа дараа татгалзсаар байна.

BBC News2 мин унших

Зураг: BBC News

50 настай Шри Ланкийн иргэн Ручира Ранасингха Номхон далайн өмнөд хэсгийн Күүкийн арлуудад гурван жил гацаад байгаа бөгөөд эх орондоо буцах транзит виз авч чадахгүй байна гэж Би Би Си мэдээлжээ.

Тэрбээр Шри Ланк руу буцахыг маш их хүсч, гав зүүлгэж, хүлж, амыг нь боосон ч явахад бэлэн гэдгээ хэлжээ. Шинэ Зеланд, Австрали транзит виз олгохоос татгалзаж байна. Күүкийн арлуудаас нисэх боломжтой өөр чиглэл болох Таити, Хавайн виз авахын тулд Шинэ Зеландад биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай аж.

Ранасингха 2018 онд жижиг подволкны үйлдвэрээ хаасны дараа Шри Ланкаас гарч, Хонконгод асрагчаар ажилласан байна. Ранасингха 2022 оны 12 дугаар сард Шинэ Зеландад очиж, зээлдүүлэгчдийн заналхийллийн үндэслэлээр орогнол хүсчээ.

Орогнол хүсэгчийн ажлын визтэй болсон тэрбээр ресторанд ажилд орж, ажил олгогч нь ажлын визэд нь ивээн тэтгэхээр тохиролцжээ. Гэвч Шинэ Зеландад орогнол хүсэгчид өргөдөл нь шийдвэрлэгдэж байх хугацаандаа өөр виз мэдүүлэх боломжгүй тул энэ хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Тэрбээр шилжин суурьших асуудлаар зөвлөгөө өгдөг Иммигрейшн энд Секретариал Сервисез компаниас ажлын визийг гадаадаас дахин мэдүүлж болно гэсэн зөвлөгөө авсан гэдэг. Үүний дагуу Күүкийн арлууд руу богино хугацаагаар явсан ч ажлын виз дахин олгогдоогүй. Шинэ Зеландаас гарснаар одоогийн визийнхээ нөхцөлийг зөрчиж, цаашид виз авах эрхээ ч алджээ.

Шри Ланк руу нисэх тасалбартай ирсэн Ранасингхад Шинэ Зеландын транзит визгүйгээр онгоцонд сууж болохгүй гэж нисэх буудалд хэлжээ. Шинэ Зеландад гурван удаа, Австралид дөрвөн удаа транзит виз мэдүүлснийг бүгдийг нь хүлээж аваагүй юм.

«Миний ганц хүү 11 дүгээр сард гэрлэх гэж байгаа, би түүний хуриманд байлцахыг үнэхээр хүсч байна» гэж Ранасингха нулимс унаган хэлжээ.

Ранасингха зочид буудлын ажилчдын байранд үнэгүй амьдарч, нутгийн иргэдээс хоол, хувцасны тусламж авч байгаа ч энэ байдал түүнийг гацсан мэдрэмжээс салгахгүй байна.

Окландын шилжин суурьших эрх зүйн мэргэжилтэн Аластэр Макклаймонтын үзэж буйгаар, Ранасингха амь нас нь аюулд байна гэж орогнол хүссэн тул Шинэ Зеландын эрх баригчид түүнийг Шри Ланк руу буцна гэдэгт итгэхгүй байгаа юм. Шинэ Зеландын Шилжин суурьших алба түүнийг Шинэ Зеландаар дамжин өнгөрөх жинхэнэ зорилготой гэдэгт итгэлгүй тул бүх өргөдлийг татгалзсан гэж Би Би Си-д мэдэгджээ.

Шри Ланкийн Гадаад хэргийн яамны Би Би Си-д мэдэгдсэнээр, яам түүнийг Күүкийн арлуудаас эх оронд нь буцаахад шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Веллингтон дахь Шри Ланкийн Элчин сайдын яам Шинэ Зеландын эрх баригчидтай энэ асуудлаар нягт хамтран ажиллаж байгаа юм.

Бусад мэдээ