Дэлхий

Шри Ланкын терроризмын эсрэг шинэ хуулийн төслийн талаар хүний эрхийн байгууллагууд санаа зовниж байна

Шинэ төсөл нь дур зоргоор хорих, эрүүдэн шүүхэд хүргэж ирсэн хуучин хуулиас нэг их ялгаагүй гэж шүүмжлэгчид үзэж байна.

DW4 мин унших

Зураг: DW

Шри Ланкын зүүн хэсгийн Баттикалоа хотын 46 настай Ганесан (нэрийг өөрчилсөн) терроризмын тухай яриа гарах бүрт 2019 оны Улаан өндөгний баярын халдлагад амь үрэгдсэн хоёр настай охиноо дурсдаг. Охин нь Шри Ланка даяар гурван сүм, гурван тансаг зочид буудлыг онилсон цуврал дэлбэрэлтэд амь үрэгдсэн 270 хүний нэг байв.

Энэ нь 2009 онд иргэний дайн дууссанаас хойш Шри Ланкад болсон хамгийн олон хүний амь авсан халдлага байсан бөгөөд 500 гаруй хүн шархаджээ.

Гэвч засгийн газрын санаачилсан терроризмын эсрэг шинэ хуулийн төслийн талаар асуухад Ганесан эргэлзээтэй хариулав. “Террорист халдлагаас сэргийлэхийн тулд терроризмын эсрэг хууль хэрэгтэй, гэхдээ гэм буруугүй хүмүүсийг онилох, хүний эрхийг дарангуйлах ёсгүй” гэж тэрбээр хэлэв.

Ерөнхийлөгч Анура Кумара Дисанаяке болон түүний Үндэсний ард түмний хүч эвслийн засаг захиргаа одоогийн Терроризмаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг Төрийг терроризмоос хамгаалах тухай хуулиар солихыг санал болгожээ. Хуучин хууль олон арван жилийн турш дур зоргоор хорих, хоригдлыг эрүүдэн шүүхэд хүргэсэн гэж олон хүн шүүмжилдэг.

Хэт даврагч бүлгүүдийн улам бүр нарийн төвөгтэй болж буй дотоод, олон улсын үйл ажиллагаатай тэмцэхэд хүчтэй хууль хэрэгтэй гэж засгийн газар үзэж байна.

Харин хүний эрхийн байгууллагууд шинэ төслийг ч хурцаар шүүмжилж байна. Төсөлд терроризмыг хэт өргөн тодорхойлсон, шүүхийн хяналт хангалтгүй, хууль сахиулах байгууллагад хэт өргөн эрх олгосон, албаны хүмүүсийн дур зоргоос хамгаалах баталгаа хязгаарлагдмал гэж идэвхтнүүд анхааруулж байна.

Тухайлбал, хуулийн төслөөр аюулгүй байдлын хүчнийхэн “үндэслэлтэй сэжиг” байгаа тохиолдолд хүнийг зогсоож, нэгжиж, байцаах, байранд нэвтэрч нэгжлэг хийх, терроризмын гэмт хэрэгтэй холбоотой гэж сэжиглэсэн эд зүйлийг хураах эрхтэй болно.

“Одоогийн төсөлд ‘терроризм’ гэсэн нэр томьёоны тодорхойлолт маш асуудалтай. Энэ нэр томьёо бүрхэг бөгөөд утгыг нь нарийн тодорхойлоогүй” гэж кино найруулагч, хүний эрхийн хуульч Висакеса Чандрасекарам хэлжээ. Хуулийн ийм тодорхой бус байдал ард иргэдийн үндсэн эрхийг зөрчихөд хүргэж мэднэ гэж тэрбээр нэмжээ.

Мөн төсөл цэргийнхэнд цагдаагийн эрх олгож байгааг Чандрасекарам онцолсон байна. Цэргийнхэн эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах сургалтгүй, ийм мөрдөн шалгалтад өртсөн хүмүүсийн эрхийг хамгаалах чадваргүй тул энэ нь хууль сахиулах үйл явцыг “цэрэгжүүлэхэд” хүргэж мэднэ гэж тэрбээр анхааруулжээ.

“Одоогийн засгийн газар 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хуучин хуулийг хүчингүй болгоно гэж амласан. Гэвч одоо хуучин хуулийг түүний хуулбар болох шинэ хуулиар солих гэж байгаа бололтой” гэж хуульч Дханушка Силва хэлжээ.

Силвагийн хэлснээр, шинэ хуулийн төслийн 9 дүгээр зүйлд терроризмтой холбоотой гэмт хэргийг өргөн тодорхойлсон тул олон нийтийн сүлжээн дэх нийтлэл, мэдэгдэл хүртэл шалгалтад өртөж мэдэх аж. Терроризмын гэмт хэрэгт тооцогдсон агуулга хуваалцсан хүн 15 жил хүртэл хүнд нөхцөлтэй хорих ял авч болзошгүй гэж тэрбээр хэлэв. “Энэ бол манайх шиг ардчилсан нийгэмд үг хэлэх эрх чөлөөнд учирч буй том цохилт” гэж Силва онцолсон байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар ч хуулийн төсөл олон улсын хүний эрхийн хуульд нийцэх ёстойг засгийн газарт сануулжээ. Төсөлд өмнөх хувилбаруудаас илүү зарим баталгаа, сайжруулалт тусгагдсан ч хуучин хууль болон өмнөх төслүүдийн хэд хэдэн дутагдлыг давтсан гэж тус газар үзэж байна.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Налинда Жаятисса хүний эрхийн идэвхтнүүдийн буруутгалыг няцааж, шинэ хууль иргэний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хохироохгүй гэж хэлэв.

Шинэ хуулийг батлах нь Шри Ланкад эдийн засаг, гадаад бодлогын үр дагавартай байж мэднэ. Шри Ланка Европын холбооны зах зээлд хөнгөлөлттэй нэвтрэх GSP+ давуу эрхээ хадгалахыг хүсвэл олон улсын хүний эрхийн үүргээ биелүүлэх ёстой гэж Европын холбоо уриалсан байна. Шаардлагыг хангахгүй бол давуу эрх түдгэлзэж, тус улс эдийн засгийн ихээхэн хохирол амсаж болзошгүй.

Парламентын дарга Жагат Викрамаратне арваннэгдүгээр сарын 12-ны хэлэлцүүлгийн үеэр төслийн зарим заалт Үндсэн хуульд нийцэхгүй байгааг мэдэгдсэн байна. Дээд шүүх хэд хэдэн өөрчлөлт оруулахыг заасан бөгөөд өөрчлөлтийг тусгасан тохиолдолд парламент батлах боломжтой гэжээ. Парламент санал хураах өдрөө хараахан товлоогүй байна.

Бусад мэдээ