Сингапурт Nvidia-гийн чиптэй холбоотой залилангийн гэх хуйвалдааны хэргээр тав дахь хүнийг яллагдагчаар татжээ
Хятадын иргэн Ши Бинжэ хоёр компани мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхэд зөвшөөрөл өгсөн гэх 41 хэргээр яллагдаж байна.

Nvidia-гийн чиптэй холбоотой залилан хийхээр хуйвалдсан гэх хэргээр Сингапурт тав дахь хүнийг Баасан гарагт шүүхэд яллагдагчаар татжээ.
Авлига, хар тамхины наймаа болон бусад хүнд гэмт хэргийн (ашиг хураах) тухай хуулийн дагуу Хятадын иргэн, 34 настай Ши Бинжэд 41 хэргээр ял тулгажээ. Тэрбээр өөрийн гол албан тушаалтан нь байсан хоёр компани мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхэд зөвшөөрөл өгсөн гэж буруутгагдаж байна.
Түүнээс өмнө Аарон Вун Гуо Жие (42), Алан Вэй Жаолун (50), Ли Мин (52), Женни Лим (52) нарыг яллагдагчаар татсан бөгөөд тэдний хэрэг шийдэгдээгүй байна.
Вун, Вэй, Ли нарыг 2025 оны хоёрдугаар сард анх яллагдагчаар татсан. Тэд Сингапурын цагдаа, гаалийн газрын нэгжлэгийн үеэр баривчлагдсан есөн хүний тоонд багтаж байжээ.
Сингапур дахь зуучлагчид АНУ-ын экспортын хяналтыг тойрч Nvidia-гийн чипийг Хятад руу хууль бусаар нийлүүлэхэд оролцсон гэх мэдээлэл хэвлэлээр гарсны дараа уг нэгжлэгийг хийсэн юм.
Хятадын DeepSeek компани Хятад руу гаргахыг хориглосон АНУ-ын чип ашиглаж байсан эсэхийг АНУ-ын Худалдааны яам шалгаж байсан гэх мэдээлэл ч гарч байв.
Яллах дүгнэлтэд дурдсанаар, гэмт хэрэг үйлдсэн гэх 2024, 2025 онд Ши NJ Global Financial-ын үйл ажиллагаа хариуцсан захирал, Superphi-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байжээ.
Сингапурын цагдаагийн Баасан гарагт мэдээлснээр, Superphi, NJ Global компаниуд Шигийн зөвшөөрлөөр 2024 оны тавдугаар сараас 2025 оны хоёрдугаар сарын хооронд 41 удаагийн гүйлгээгээр Aperia International технологийн компаниас нийт 917 сервер худалдан авсан байна.
Эдгээр сервер Aperia International-ын гэмт хэрэг буюу худал мэдээлэл өгч залилсны орлого гэж үзэх хангалттай үндэслэл компаниудад байсан гэж буруутгаж байна.
Лим Aperia International-ын санхүүгийн захирал байсан гэх юм. Вэй гүйцэтгэх захирал, Вун борлуулалтын хэлтсийн дарга байсан гэж эрх баригчид өмнө нь мэдээлж байжээ.
Superphi компани зургаан хэргээр, NJ Global компани 35 хэргээр яллагджээ. Ши болон хоёр компанийн хэргийг нэгдүгээр сарын 4-нд шүүх дахин хэлэлцэнэ.
“Цагдаа эдгээр гэмт хэрэгт ноцтой ханддаг бөгөөд хууль дээдэлсэн, итгэл даахуйц олон улсын санхүү, бизнесийн төв гэсэн Сингапурын нэр хүндийг хамгаалахын тулд хууль зөрчсөн шударга бус, гэмт үйлдэл гаргасан бизнес эрхлэгчид, хувь хүмүүст хатуу арга хэмжээ авахаас буцахгүй” гэж Сингапурын цагдаа мэдэгджээ.
Ши гэм буруутай нь тогтоогдвол хэрэг тус бүрд 10 жил хүртэл хугацаагаар хорих, 500 мянган Сингапур доллар хүртэл торгох, эсвэл хоёуланг нь оногдуулж болно. Гэм буруутай нь тогтоогдвол хоёр компанийг хэрэг тус бүрд 1 сая Сингапур доллар хүртэл, эсвэл гэмт хэргийн ашгийн хоёр дахин их хэмжээгээр, аль ихээр нь торгуулж болзошгүй.



