Сирид үерийн улмаас дөрвөн хүүхэд зэрэг таван хүн амь үрэгджээ
Хойд болон зүүн мужуудыг хамарсан аадар бороо гүүр нурааж, хуарангуудад амьдарч буй олон зуун гэр бүлийг нүүлгэхэд хүргэв.

Сирийн хэд хэдэн мужид орсон аадар борооны улмаас хойд болон зүүн хэсэгт дор хаяж таван хүн, түүний дотор дөрвөн хүүхэд амь үрэгджээ. Энэ тухай Аль Жазира мэдээлэв.
Онцгой байдал, гамшгийн удирдлагын яамны пүрэв гарагт гаргасан мэдэгдлээр, дөрвөн хүүхэд бүгд Ракка болон Дейр-эз-Зор мужуудын усан санд живж нас баржээ.
Мөн баруун Раккагийн хөдөө, Аль-Салмани гүүрний ойролцоо машин нь үерт автсан нэгэн эрэгтэй амиа алджээ. Хоёр хүүхэд зэрэг өөр таван хүн сураггүй байна.
Яам Алеппо, Ракка, Дейр-эз-Зор, Хасака, Хомс зэрэг нутагт дэд бүтэц эвдэрч, хэд хэдэн гүүрний хөдөлгөөн тасалдсаныг мэдээлэв. Пүрэв гараг яам улсын хэмжээнд үерийн дуудлагад ажилласан хоёр дахь өдөр байсан бөгөөд нөхцөл байдлын мэдээгээ Икс сүлжээнд тогтмол нийтэлж байна.
Төрийн САНА агентлагийн мэдээлснээр, Табкагаас баруун тийш орших Аль-Салмани гүүр үерт нурж, Ракка, Алеппо хоёрыг холбосон зам хаагджээ.
Аврах багууд машин нь үерт гацсан 15 энгийн иргэнийг аварсан. Яам Раккагийн хөдөөгийн гурван хуарангаас ойролцоогоор 375 гэр бүлийг нүүлгэн шилжүүлжээ.
Сирид аадар бороо, үерийн аюул анх удаа нүүрлээгүй юм.
НҮБ-ын Хүүхдийн сан зургадугаар сард тус онд 17,000 хүн үерт нэрвэгдсэн гэж мэдээлж байв. Тэр үед 700 гэр бүл, түүний дотор 2,000 орчим хүүхэд орон гэрээ орхиход хүрч, Дейр-эз-Зор болон Ракка мужийн 49 ус цэвэршүүлэх байгууламж ажиллахаа больсон гэж тус байгууллага мэдэгдсэн юм.



