Солонгост шалгалтанд хуурах арга хиймэл оюунтай нүдний шил хүртэл хувьсжээ
Солонгосын дунд, ахлах сургуулийн шалгалтад ухаалаг шилтэй холбоотой 4 тохиолдол энэ онд илэрсэн ч албаныхан тэдгээрийг найдвартай илрүүлэх арга олоогүй байна.

Солонгост шалгалтанд хуурах арга хариултын хуудас солих, мессеж илгээхээс эхлээд хиймэл оюунтай ухаалаг нүдний шил хэрэглэх хүртэл хувьсаж, илрүүлэхэд улам хэцүү болж байна. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
2027 оны Коллежийн чадварын шалгалтын үеэр шалгалтын байранд ухаалаг нүдний шил, ухаалаг цаг зэрэг цахим төхөөрөмж оруулахыг хориглоно. Хиймэл оюунтай нүдний шил зүүсэн бол хуурсанд тооцож, оноог хүчингүй болгон дараа жилийн шалгалтад оруулахгүй юм.
1392-1910 онд оршин тогтносон Жусон улсын төрийн албаны шалгалт ч хуурамчаас ангид байгаагүй. 1699 оны дуулианд тэнцсэн 33 хүний 15 нь шалгалтын хуудсан дээрх нэрийг солих зэргээр хууль бусаар тэнцсэн нь тогтоогджээ.
2004 оны их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр Гуанжу хотын сурагчид үүргээ хуваан мессежээр хариулт дамжуулж байжээ. Боловсролын яамны 2005 онд гаргасан тоогоор, 2002-2005 оны хичээлийн жилүүдэд 472 сурагчийн оноог хуурсан хэргээр хүчингүй болгосны 412 нь мессеж ашигласан байна.
5 дугаар сард англи хэлний Тойк шалгалтын үеэр хиймэл оюунтай нүдний шил хэрэглэсэн 2 хүн баригдсан бол Сөүл, Гуанжу, Мокпод болсон үндэсний мэргэжлийн шалгалтад ухаалаг шил зүүсэн 3 шалгуулагч илэрчээ.
Боловсролын яамны Даваа гарагт нийтэлсэн судалгаагаар, энэ онд дунд, ахлах сургуулийн шалгалтад ухаалаг шилтэй холбоотой 4 тохиолдол илэрсний нэг нь дунд сургуульд, гурав нь ахлах сургуульд гарчээ. Судалгаанд улсын хэмжээний 5,679 сургууль хамрагдсан юм.
Хойд Жолла мужийн нэгэн ахлах сургуульд сурагч шалгалтын үеэр шилнийхээ хүрээнд дахин дахин хүрч байгааг багш нь сэжиглэжээ. Шилэн дээр туссан ногоон гэрэл түүнийг илрүүлэхэд тусалсан бөгөөд 4 сурагч бүгд холбогдох хичээлдээ тэг оноо авсан байна.
Солонгос 11 дүгээр сарын 19-нд жил бүрийн коллежийн элсэлтийн шалгалтаа авах гэж байгаа юм. Сүүлийн 5 жилд 1,229 зөрчил бүртгэгдсэний ихэнх нь цахим төхөөрөмж биш, хугацаа дууссаны дараа хариулт бичсэн хэрэг байжээ. Албаныхан нүдний шилийг цахимаар илрүүлэх арга хайж байгаа ч найдвартай шийдэл олоогүй байна.



