Эдийн засаг

Старлинк Тажикистанд шинэ хэрэглэгч холбохоо түр зогсоожээ

Компани төрийн зохицуулалт, газрын сүлжээний өндөр өртгийг шалтаг болгосон ч Тажикистаны Холбооны алба ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй, тарифаа өөрчлөөгүй гэж мэдэгдэв.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Спэйс Экс корпорацийн харьяа Старлинк интернэт үйлчилгээ Тажикистанд шинэ холболт худалдах, идэвхжүүлэхээ зогсоожээ. Компанийн тавьсан хязгаарлалтыг тус улсын Засгийн газрын дэргэдэх Холбооны алба баталсныг Ази-Плюс сайтаас уламжлан Интерфакс агентлаг мэдээлэв.

Сайтын иш татсанаар, компани нэгэн хэрэглэгчийн хүсэлтэд төрийн зохицуулалт болон Старлинкийн заавал ашиглах ёстой Тажикистаны газрын сүлжээний өндөр өртгийн улмаас дараагийн мэдэгдэл хүртэл шинэ хэрэглэгч холбох боломжгүй, захиалгыг цуцалж, мөнгийг бүрэн буцаан олгоно гэж хариулжээ.

Тажикистаны Холбооны алба өөрийн зүгээс ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд компаниас тайлбар хүлээж байна. «Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Холбооны алба Старлинкийн шинэ хэрэглэгчийг худалдах, холбох, идэвхжүүлэхэд ямар нэг хориг, хязгаарлалт тогтоогоогүй» гэж тус байгууллага хариултдаа дурджээ.

Зохицуулагчийн мэдээлснээр, Старлинк борлуулалт, шинэ хэрэглэгч идэвхжүүлэхээ зогсоох тухайгаа Холбооны албанд урьдчилан мэдэгдээгүй. Алба компанид албан ёсны хүсэлт илгээж, шийдвэрийн шалтгааныг нарийвчлан тайлбарлахыг хүссэн байна. Түүний хэлснээр, холбооны операторын газрын дэд бүтцийг ашиглах тариф өөрчлөгдөөгүй тул өмнө тохиролцсон тариф шинэчлэгдээгүй, нэмэгдээгүй байхад өндөр өртгийг шалтаг болгосон нь нэмэлт тайлбар шаардаж байна.

Холбооны алба 2025 оны 10 дугаар сард Старлинк Тажикистан компанитай хиймэл дагуулын дэлхийн интернэт сүлжээнд хандах тухай гэрээ байгуулсан бөгөөд үйлчилгээ 2026 оны 2 дугаар сарын эхээр ажиллаж эхэлсэн юм. Компани кабелийн интернэтийн тогтвортой дэд бүтэцгүй алслагдсан, уулархаг бүс нутагт үйлчилгээ үзүүлэхийг тэргүүлэх зорилт гэж тодорхойлж байв. Албаны мэдээллээр Тажикистан дахь Старлинкийн идэвхтэй хэрэглэгч 6 мянгаас давжээ.

Тажикистанаас АНУ-д суугаа элчин сайд Завки Завкизода 10 дугаар сарын 20-нд Спэйс Экс компанийн Старлинк төслийн зах зээлд нэвтрэх, хөгжүүлэх асуудал хариуцсан захирал Жулиа Греблахертай компанийн Тажикистантай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан. 8 дугаар сард Тажикистаны Инновац, дижитал технологийн агентлаг ч мөн компанитай хиймэл дагуулын интернэт, дижитал технологийн хамтын ажиллагааг хэлэлцэж, эрүүл мэнд, боловсролын байгууллага, төрийн үйлчилгээ, алслагдсан бүсийн төрийн байгууллагуудыг холбоогоор хангахад хиймэл дагуулын интернэт ашиглах замын зургийн төслийг танилцуулжээ.

Бусад мэдээ