Суданы эрчим хүчний байгууламжууд дрон довтолгоонд өртжээ
Судан хөрш Этиопыг халдлагад хамсаатан гэж буруутгаж байна.

Суданы цэргийн хяналтад буй нутагт дор хаяж 15 эрчим хүчний байгууламж аравдугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд дрон довтолгоонд өртсөнийг Аш-Шарк аль-Аусат сониныг иш татан Интерфакс мэдээлжээ.
Цахилгаан станц, дэд станцууд хохирч, зарим нутагт цахилгаан, ус тасалдсан байна. Халдлага Суданы 18 мужийн 10-ыг хамарсан ч Хурдан дэмжлэгийн хүчний хяналтад буй Дарфурын таван мужид бүртгэгдээгүй аж.
Суданы эрх баригчид НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл, Африкийн холбоонд Этиопын эсрэг гомдол гаргажээ.
Суданы арми, Хурдан дэмжлэгийн хүчний мөргөлдөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас үргэлжилж байна. Дор хаяж 150 мянган хүн амиа алдаж, 14 сая хүнээс илүү гэрээсээ дүрвэсэн юм.

