Нийгэм

Суданы нийслэл Хартумд армийн холбоотон зэвсэгт бүлгүүдийг буруутгасан гэмт хэргийн давалгаа нүүрлэжээ

Олон суданчууд аюулгүй байдал муугаас болж гэртээ буцахаас эргэлзэж байна.

The NationalHamza Hendawi1 мин унших

Зураг: The National

Суданы зэвсэгт хүчин 2024 оны сүүлээр нийслэл Хартумыг Шуурхай дэмжлэгийн хүчнээс эргүүлэн авсны дараа хотод урьд өмнө байгаагүй гэмт хэргийн давалгаа нүүрлэж, оршин суугчид армийн холбоотон зэвсэгт бүлгүүдийг буруутгаж байгааг Нэшнл сонин мэдээлжээ.

31 настай инженер Абдель Рахман Тарек дайны улмаас гэр бүлийнхээ хамт Саудын Араб руу дүрвэж, 5 дугаар сард эвдэрсэн гэрээ засахаар ганцаараа Хартумд буцжээ. Гэвч 6 дугаар сард зэвсэгт гурван эр түүнийг зогсоож, мөнгө, утсыг нь булааж, ачааны машиныг нь авч одсоны дараа тэрбээр Саудын Араб руу буцсан байна.

«Армийн цэргүүд намайг олж, гарыг минь тайлж, цагдаад гомдол гаргахад хүргэж өгсөн» гэж тэрбээр ярьжээ.

Хартумд арми төдийгүй Дарфурын босогч бүлгүүдийн хуучин дайчид, исламист зэвсэгт бүлгүүд, талаа сольсон Шуурхай дэмжлэгийн хүчний гишүүд байдаг. Гэмт хэргийн өсөлт нь армийг дэмжигч засгийн газар нийслэлд хууль, дэг журам сэргээж чадахгүй байгааг харуулж байна гэж сонин бичжээ.

Нийслэлийн цагдаагийн газар тайлбар өгөөгүй. Орон нутгийн засаг захиргааны төлөөлөгч 10 дугаар сарын 29-ний аюулгүй байдлын тайланг заасан бөгөөд уг тайланд 16 гадаадын иргэн зэрэг 539 хүнийг баривчилсныг тэмдэглэсэн ч хугацаа, гэмт хэргийн төрлийг заагаагүй байна.

Дайнд оролцогч хоёр тал хоёулаа дайны гэмт хэрэгт буруутгагдаж байна. Дайн эхэлснээс хойш Суданы хүн амын тал буюу 25 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дор хаяж 13 сая хүн дүрвэжээ.

Бусад мэдээ