Узбекистаны Дотоод хэргийн яам хүн амыг хий, нүүрсээр хангах ажилд хяналт тавина
Хүн амд олгох шингэрүүлсэн хийн үнэ 11 дүгээр сарын дундаас нэмэгдэнэ.

Узбекистаны Дотоод хэргийн сайд Азиз Ташпулатов орон сууц, нийгмийн байгууламжийг нүүрс, байгалийн болон шингэрүүлсэн хийгээр тасалдалгүй хангах, авлига, хулгайгаас сэргийлэх асуудлаар зөвлөлгөөн хийснийг Газета.уз сайт мэдээлжээ.
Яамны мэдээлснээр 10 дугаар сард нүүрсийг хууль бусаар хадгалж, борлуулсан 16 тохиолдол илрүүлж, нийт 333.54 тонн нүүрс хураан авч хүн амын хэрэгцээнд шилжүүлжээ. Мөн шингэрүүлсэн хийг хууль бусаар хадгалж, борлуулсан 374 тохиолдол илэрч, 9139 хийн баллон, 92.9 тонн шингэрүүлсэн хий хураажээ.
Олон тохиолдолд хий хангамжийн байгууллагын ажилтнууд хулгайд оролцсон байна.
Яам Худудгазтаъминот компани, Тээврийн яамтай хамтран тээвэрлэлтийн маршрутыг хянаж, хий дүүргэх станц, агуулахын хамгаалалтыг чангатгах юм. Баллонтой хийг хуваарийн дагуу хүргэж, хэрэглэгчээс үндэслэлгүй төлбөр авахыг хориглох үүрэг өгчээ.
9 дүгээр сарын эхээр Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын хуралдаанд тус улсын 3.8 сая орчим хэрэглэгч, 2000 шахам нийгмийн байгууламж шингэрүүлсэн хийгээр хангагддаг гэж мэдээлсэн юм. Шалгалтаар хэрэглэгчдийн 22 хувь нь 46-гаас дээш хоногийн завсарлагатай хий авдаг нь тогтоогджээ.
11 дүгээр сарын 15-наас хүн амд олгох шингэрүүлсэн хийн үнэ нэг килограмм тутамд 2000 сумаас 5000 сум болж өсөх юм. Нийгмийн эмзэг бүлгийн гэр бүлд сард 60 мянган сум хүртэлх нөхөн олговор олгоно.



