Тарьсан ой зарим бүсэд түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаа харуулжээ
Судлаачид мод тарихдаа түймрийн эрсдэлийг нүүрстөрөгч хадгалах, мод бэлтгэлтэй зэрэгцүүлэн үнэлэхийг зөвлөж байна.

Ойгүй газрыг тарьсан ой болгон хувиргах нь түймэр гарах магадлалыг 26 хувиар, шатсан талбайг 23 хувиар нэмэгдүүлдэгтэй холбоотой болохыг Шинжлэх ухааны үндэсний академийн эмхэтгэлд нийтлэгдсэн судалгаа харуулсныг Хиндустан Таймс сонин мэдээлжээ.
Судлаачид 2001-2023 онд ойгүй газраас тарьсан ой болгон хувиргасан 67 248 талбайг хиймэл дагуулын мэдээллээр шинжилж, уур амьсгал, хүртээмж, талбайн хэмжээг харгалзан хувиргалтын өмнөх, дараах түймрийн давтамжийг харьцуулжээ.
Хамгийн том ялгаа сэрүүн бүсийн шилмүүст ойд ажиглагдаж, ой тарьсны дараа түймрийн давтамж 2.7 дахин өсч, шатсан талбай хоёр дахин нэмэгджээ.
Газрын дундад тэнгисийн ой, шугуй, бутлаг газарт түймэр гарах магадлал 38 хувь, шатах талбай 9 хувиар өссөн байна. Харин сэрүүн бүсийн өргөн навчит болон холимог ойд түймрийн давтамж 23 хувиар буурсан ч шатсан талбай 20 хувиар нэмэгджээ. Дэлхийн тарьсан ойн бараг тал нь энэ бүсэд байдаг.
Зөвхөн сэрүүн бүсийн тал хээр, саванна, бутлаг газарт ой тарих нь түймрийн давтамжийг 18 хувиар бууруулж, шатсан талбайг мэдэгдэхүйц нэмэгдүүлээгүй байна.
Хойд Америкийн баруун хэсэг, Чилийн төв хэсэг, Европын өмнөд хэсэг, Австралийн баруун өмнөд хэсэг, Өмнөд Африкийн зарим хэсэгт ой тарьсны дараа түймэр нэмэгджээ. Судалгаанд оролцсон Зүүн Финляндын их сургууль шинэ ой байгуулахдаа түймрийн эрсдэлийг харгалзах ёстойг онцолжээ.



