Тайланд Мьянмараас урсаж буй уурхайн хаягдлын эсрэг арга хэмжээ авахыг шаардаж байна
Сай голын усны өнгийг өөрчилж буй уурхайн хаягдалд хүнцэл агуулагдаж байгаа гэж Тайландын Шадар сайд мэдэгджээ.

Тайландын Шадар сайд Ёдчанан Вонгсават ням гарагт Мьянмартай хиллэдэг Чианграй мужийн Мэй Сай дүүрэгт ажиллахдаа далан барих шаардлагатайг дахин онцолжээ.
Тэрбээр ус нь улаавтар, булингартай байсан Сай голын дээгүүрх Тайланд, Мьянмарын хилийн гүүрэн дээр очжээ. Голын усны өнгийг өөрчилж буй уурхайн хаягдалд хүнцэл агуулагдаж байгаа гэж тэрбээр хэлэв. Хаягдлыг хилээр урсахаас сэргийлж, хуримтлуулах цөөрөм болох жижиг далангуудыг Мьянмарт барихыг хөөцөлдөнө гэжээ.
Ёдчанан Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын сайдын албыг давхар хашдаг. Түүний хэлснээр тус яам голын бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж, эх үүсвэрийг нь тогтооно. Үр дүнг хамтран шалгахыг Хятадын эрдэмтдээс хүснэ. Хятадын эрх баригчид асуудлыг мэдвэл бохирдлыг үүсгэсэн уул уурхайн компаниудтай ярилцаж болно гэж тэрбээр хэлжээ.
Ерөнхий сайд Анутин Чарнвиракул Тайландын хойд хэсгийн голуудын хорт бохирдлын талаар Хятадын Ерөнхий сайд Ли Цянтай аль хэдийн ярилцсан гэж мэдэгдэв. Шадар сайд, Гадаад хэргийн сайд Сихасак Пхуангкеткео Мьянмарт айлчилж, Тайланд уурхайнуудаас урсгалын доод хэсэгт оршдог тул бохирдолд нэрвэгдэж байгааг Мьянмарын талд хэлжээ.
Ерөнхий сайд мөн хойд нутгийн иргэдийг бохирдлоос хамгаалахын тулд Засгийн газар ус хангамжийн шинэ, цэвэр эх үүсвэр олно гэж хэлсэн байна.

