Тайланд цахилгаан машины импортод энэ онд нэмэлт хязгаарлалт тогтоохгүй
Импортын цахилгаан машины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь дотоодын автомашины үйлдвэрлэлийг хамгаалахад хангалттай гэж Тайландын Аж үйлдвэрийн сайд үзэж байна.

Тайландын засгийн газар импортын цахилгаан машинд энэ онд нэмэлт хязгаарлалт тогтоохгүй гэж Аж үйлдвэрийн сайд Варавут Силпа-арча мэдэгдсэн тухай Бангкок Пост сонин мэдээлжээ.
«Энэ хугацаанд засгийн газар ямар нэг нэмэлт арга хэмжээ авахгүй» гэж сайд хэлсэн байна.
Шинэ шийдвэрээр импортын батерейт цахилгаан машины онцгой албан татвар 10 хувиас, хүрээ уртасгагчтай цахилгаан машиных 15 хувиас 35 хувь болж өснө. Өндөр хувь хэмжээ 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Татвар нэмэгдэхээс өмнө хэрэглэгч, борлуулагчид амжиж авахыг хичээх тул оны сүүлийн хоёр сард импорт болон захиалга огцом өснө гэж салбарын шинжээчид таамаглаж байгаа юм.
Тайландын Аж үйлдвэрийн холбоо оны эцэст импорт огцом өсөх нь 2027 оны эрэлтийг сулруулж болзошгүйг өмнө нь анхааруулжээ. Энэ онд захиалсан ч дараа нь хүлээлгэн өгөх машины татварын асуудалд төөрөгдөл үүсч болохыг ч тус холбоо дурдсан.
Варавутын хэлснээр татвар нэмэгдүүлсний зорилго нь Тайландад цахилгаан машины үйлдвэрт шинэ хөрөнгө оруулалт татах явдал юм. Сайд саяхан Мерседес-Бенз компанийн шинэ загваруудын нээлтэд оролцохдоо тус компанийн хөрөнгө оруулалтыг дэмжсээр байхаа илэрхийлжээ.
Аж үйлдвэрийн яамны шинэ Төрийн нарийн бичгийн дарга Пассакорн Чайрат засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг тэгш дэмжиж, Тайландыг бүс нутгийн үйлдвэрлэлийн төв болгохыг зорьж байна гэв.
Мерседес-Бенз Тайландад олон арван жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ жил 140 жилийн ойгоо тэмдэглэж байна.



