Тайландад заан дайрч, тосгоны 2 иргэний амийг хөнөөжээ
Үржлийн үеийн түрэмгий байдалд орсон заан уяанаасаа мултарч, эзнийхээ хамаатан болох хоёр хүний амийг хөнөөсөн байна.

Тайландын өмнөд хэсгийн Сурат Тани мужийн Кхири Рат Нихом дүүргийн Нам Хак дэд дүүрэгт баасан гарагийн орой заан дайрч, хоёр хүний амийг хөнөөжээ.
Гэрчүүдийн хэлснээр заан тосгоны иргэдийг зогсоолд байсан машинуудаас нь холдуулан хөөхөд тэд янз бүрийн зүг рүү тарсан байна. Дараа нь заан хоншоороороо хар өнгийн пикап машиныг хөмрүүлж, 71 настай Бунномыг гишгэж хөнөөжээ. Нас өндөр, биеийн хүч султай Бунном зугтаж чадаагүй бөгөөд сандран бүдэрч унаснаар зааны дайралтад өртсөн гэж нэгэн гэрч хэлжээ.
Үүний дараа заан ойролцоох тосны далдуу модны тариалан дээр ажиллаж байсан 55 настай Сомсак руу дайрч, түүний амийг хөнөөгөөд ой руу зугтжээ.
Кхлонг Ян зэрлэг ан амьтны дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдагчид, иргэд заныг эрж хайсны эцэст дуриан жимсний цэцэрлэгээс олжээ. Зэрлэг ан амьтны албаныхан тайвшруулах сумаар буудаж, олс, гинжээр хүлсэн байна. Дараа нь заныг эзэнд нь буцааж өгсөн бөгөөд цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтан, ургамал хамгааллын газрын хяналтан дор нөхөн сэргээнэ.
Кхири Рат Нихом цагдаагийн хэлтсийнхэн хяналтын камерын бичлэгийг үзэж, орон нутгийн иргэдээс мэдүүлэг авч байна. Эзэнд хараахан хэрэг үүсгээгүй ч эзэн нь хохирогчидтой садан төрлийн холбоотой ч хуулийн арга хэмжээ авна гэж албаныхан мэдэгджээ. Эзэн нь хамаатан садан болох хохирогчдын гэр бүлд тусламж үзүүлж байгаа аж.
Дор хаяж 20 настай эр заан ойролцоох нэгэн суурин газарт байдаг байв. Гурван сар орчмын өмнө заанд түрэмгий зан ихэсдэг үржлийн үеийн шинж тэмдэг илэрч эхэлсэн тул түүнийг хэрэг болсон газраас 500 орчим метрийн зайд тусгай баганад уясан байжээ. Заан уяанаасаа мултарч, улмаар энэ эмгэнэлт явдал болсон байна.

