Тажикистан жижиг, дунд бизнесийн шалгалтыг 2029 он хүртэл зогсоосон ч татварын шалгалт үргэлжилнэ
Бизнес эрхлэгчид удаа дараагийн, дур зоргын шалгалт, торгууль, албан бус төлбөр шаардах явдалд удаан хугацаанд гомдоллож ирсэн юм.

Тажикистаны төрийн байгууллагууд 2029 оны нэгдүгээр сарын 1 хүртэл жижиг, дунд бизнесийн ихэнх шалгалтыг хийхийг хориглосон хэвээр байна. Энэ тухай Таймс оф Сентрал Эйша мэдээлэв.
Ерөнхийлөгч Эмомали Рахмон аравдугаар сарын 28-нд шалгалтын хоригийг сунгах зарлигт гарын үсэг зурсан ч татварын байгууллагууд шалгалт хийх эрхтэй хэвээр үлджээ.
2025 оны нэгдүгээр сард нэвтрүүлсэн хоёр жилийн хориг бүх хэмжээний бизнест хамаарч байсан бол сунгалт зөвхөн жижиг, дунд үйлдвэрт хамаарна. Тажикистанд ийм арга хэмжээ 2008, 2011, 2018, 2022 онуудад авч байсан ч гомдол буурахгүй байгаа аж.
Рахмон аравдугаар сарын 14-нд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа үндэслэлгүй шалгалт, хүнд суртал, албан тушаалтнууд бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг шүүмжилжээ. Томоохон бизнесийн шалгалтыг 2027 онд эрсдэлийн үнэлгээнд суурилсан тогтолцоогоор сэргээх юм.
2026 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Тажикистанд 401 мянга гаруй бизнес эрхлэгч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 359 мянга орчим нь хувиараа бизнес эрхлэгч юм. Өнгөрсөн жил бизнес эрхлэгчдийн тоо 4.8 хувиар буюу 18200-аар нэмэгджээ.
Хөдөлмөрийн насны хүн амын нэлээд хэсэг нь гадаадад, голдуу Орост ажиллаж амьдардаг Тажикистанд ажлын байр бий болгоход жижиг бизнес онцгой чухал юм.



