Дэлхий

Теннисчин Онс Жабер хүүхэдтэй болсныхоо дараа 2027 онд талбайд эргэн ирэхээр зорьж байна

Тунисын тамирчин хүчээ аажмаар сэргээж, зодог тайлахаасаа өмнө хэдэн жил тоглохыг хүсч байна.

The NationalRamola Talwar Badam2 мин унших

Зураг: The National

Хүүхэдтэй болсныхоо дараа хүчээ сэргээж буй Тунисын теннисчин Онс Жабер ирэх жил талбайд эргэн ирэхийг хүсч байгаа ч үүнийгээ аажмаар хийнэ гэж хэлснийг Зе Нэшнл сонин мэдээлжээ.

Жабер 2025 оны 6 дугаар сард Уимблдоны тэмцээний эхний тойрогт Виктория Томоватай хийсэн тоглолтыг дундаас нь орхисноос хойш талбайд гараагүй байна. Гэмтэл бэртэл, ядаргаанд удаан зовсон тэрбээр теннисээс түр завсарлахаар шийдсэн юм.

Таван сарын дараа тэрбээр анхныхаа хүүхдийг тээж байгаагаа зарлаж, 4 дүгээр сард Элян хэмээх хүүгээ төрүүлжээ.

Жабер Гранд Слэмийн тэмцээний финалд гурван удаа шалгарч, хоёрдугаар байр эзэлсэн. Тэрбээр 2022 онд Уимблдон болон АНУ-ын нээлттэй тэмцээний финалд, дараа жил нь Уимблдоны финалд дахин шалгарсан бөгөөд Араб, Африкийн тамирчдад зам тавьж өгсөн тамирчин юм. Дэлхийн жагсаалтын 2 дугаар байрт явж байсан тэрбээр мэргэжлийн теннисний эмэгтэй тамирчдын дундаас хамгийн алдартай нь юм.

Наоми Осака, Анжелик Кербер, Каролин Возняцки, Элина Свитолина, Серена Уильямс зэрэг нэрт тоглогчид хүүхэд төрүүлснийхээ дараа талбайд эргэн ирсэн. 32 настай Жабер ч одоо тэдний мөрөөр эргэн ирэх гэж байна.

“Ирэх жил эргэн ирнэ гэж найдаж байна. Яг хэзээ гэдгийг одоохондоо мэдэхгүй ч удахгүй” гэж Жабер Дубайд АНЭУ-ын Тусгай олимпийн байгууллагатай түншлэлийн гэрээ байгуулсныхаа дараа Лхагва гарагт Зе Нэшнл сонинд ярьжээ. Энэ гэрээ авьяастныг илрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сургахад чиглэнэ.

“Төрсний дараа бие маань жаахан өөрчлөгдсөн ч би заавал эргэн ирнэ. Зодог тайлахаасаа өмнө дахин хэдэн жил тоглоно гэж найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Мэргэжлийн таван тэмцээнд түрүүлсэн Жабер өнгөрсөн оны сүүлээр Дубайд теннисний академи нээсэн тул жирэмсний амралтынхаа үеэр ч завгүй байжээ.

Бусад мэдээ