ТоталЭнержис Хормузын хоолойн хямрал эрчим хүчний шилжилтийг хурдасгаж болзошгүй гэж үзэв
Одоогийн чиг хандлага хэвээр бол 2100 он гэхэд дэлхийн дулаарал 2.6-2.8 градус болно гэж компани тооцжээ.

Хормузын хоолойн 2026 оны хямрал эрчим хүчний шилжилтийг хурдасгаж болзошгүй гэж ТоталЭнержис компани жил бүрийн тоймдоо дурджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Тоймын мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар улирлаас Ази, Латин Америк, Европт цахилгаан машины борлуулалт хурдсаж, био түлшний хэрэгцээ өссөн байна.
Нүүрстөрөгч багатай эрчим хүчний хөрөнгө оруулалт 2015 оны 1.2 их наяд ам.доллараас 2025 онд 2.1 их наяд ам.доллар болж бараг хоёр дахин өсчээ.
Хятад шинэ нарны хавтангийн 60 орчим хувь, салхин турбины 70 хувь, цахилгаан машины борлуулалтын 60 хувийг эзэлж байна.
Компанийн таамгаар АНУ-ын анхдагч эрчим хүчний хэрэглээнд чулуужсан түлшний хувь одоогийн 80 орчим хувиас 2060 онд 60 орчим хувь болж буурах юм. Хятадын нүүрсний хувь 2025 оны 60 орчим хувиас 2060 онд 25 хувь болох аж.
Тоймын эхний хувилбарт одоогийн чиг хандлага үргэлжилж, нефтийн эрэлт 2030-аад онд оргилдоо хүрсний дараа аажмаар буурах юм.
Хоёр дахь хувилбарт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнууд 2050 он, Хятад 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдалд ойртож, температур 2.3-2.4 градусаар нэмэгдэх аж.
Гурав дахь хувилбарт 2100 он гэхэд дулаарал 1.8-1.9 градус болох боловч геополитикийн зөрчилдөөн, олон улсын хамтын ажиллагаа дутмаг байгаагаас хэрэгжихэд хэцүү гэж компани үзжээ.


